"Номин" сүлжээ дэлгүүр бусад дэлгүүртэй "Манайхаас хямд бараа бүтээгдэхүүн борлуулж болохгүй" гэх гэрээ байгуулдаг нь ил болж, 6.9 тэрбум төгрөгөөр торгуулжээ.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун "Оргил супермаркетад 3650 төгрөг гэж байсан ундаа "Номин" сүлжээ их дэлгүүрт 3900 гэж байна гэх гомдлыг иргэн тус дэлгүүрт хүргүүлжээ. Харин "Номин" сүлжээ дэлгүүр "Оргил" худалдааны төв рүү холбогдож тус ундааны үнийг өсгөсөн байна. ШӨХТГ-аас "Номин" сүлжээ дэлгүүрт хяналт шалгалт хийж, бараа бүтээгдэхүүний үнийг тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан гэдгийг баримттайгаар нотолсон. Тиймээс "Номин" сүлжээ дэлгүүрт Зөрчлийн тухай хуулийн дагуу өмнөх оны борлуулалтын орлогын зургаан хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон. Энэ нь зургаан хувь нь буюу 6,9 тэрбум болж буй юм" гэлээ.
Мөн Банкны 1 хувийн шимтгэлтэй холбогдуулан ББСБ-уудыг шалгаж байгаа талаар мэдээллээ.
Арилжааны банкууд зээл олгохдоо зээл судалсны шимтгэл гэж 1 хувийг нь авдаг. Уг асуудалд ШӨХТГ шалгалт хийж, 9 арилжааны банкийг 20 сая төгрөгөөр торгосон. Үүнтэй холбогдуулан иргэдээс ББСБ-уудыг шалгаж өгөх хүсэлт ирүүлж, нийт 527 ББСБ-ыг шалгаж байна. Шалгалтыг 50 ББСБ-д хийж 26 ББСБ-ын зөрчлийг илрүүлжээ. Ингэхдээ зээлийн шимтгэлийн нэг хувийг авахдаа үндэслэлгүй тогтоосон, зээлийн шимтгэл хураамжийг давхардуулан авсан гэх зөрчил гарсан аж. Ийн зөрчилийн хэрэг нээн хянан шалгаж байгаа гэв.