Зүүн Азийн есөн орны залуучуудын дунд зохион байгуулдаг 12 төрөлт спортын наадмыг Улаанбаатар хотноо 2023 оны наймдугаар сард зохион байгуулахаар болсон билээ. Мөн өчигдөр энэхүү наадмын бэлгэдэл дүрийг танилцууллаа.
Аливаа бүс, тив болоод олимпын наадмууд нь өөрийн гэсэн лого, бэлгэдэл, маскот буюу дүртэй байдаг. Дүрийн хувьд голдуу амьтны дүрийг сонгож, бэлгэддэг.
Бэлгэдэл дүр болох хангарди шувууг “Хаки”, галбингаа шувууг “Инга” гэж нэрийджээ. Нэрийг сонгохдоо Зүүн Азийн бусад орны тамирчид хэлэхэд амар, энгийн дуудлагатай байхаар тооцсон байна. “Инга” гэх нэрийг галбингаа гэх нэрийн хэсгээс авчээ.
Харин логог монгол гэрийн тоононы дүрсээр хийсэн бөгөөд “Улаанбаатарын дээвэр дор нэгдэцгээе” гэх агуулгатай аж. Түүнчлэн газар зүйн байршлаар харахад Зүүн Азийн бүс нутгийн орнууд дундаас Монгол Улс өрх, тооно хэсэгт нь оршиж байсан тул ийнхүү логогоо тодорхойлжээ. Наадмын бэлгэдэл дүрүүдийг зураач Э.Түвшинтөр зурж, хүүхэлдэй урлаач Б.Бямбацэрэн бүтээсэн байна.
Энэ талаар “Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо” ХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Бат-Энх “Спортын наадмыг зохион байгуулж буй эзэн орон өөрийн бүс нутагт ховордож буй амьтдыг олон нийтэд таниулах, хайрлан хамгаалах, үлгэр туульсын дүрийг сэргээх зорилгоор бэлгэдэл дүрээ тодорхойлдог. Тийм учраас бид хангарди, галбингаа шувууг бэлгэдэл дүрээрээ сонгосон.
Хангарди шувуу нь Улаанбаатар хотын бэлгэ тэмдэг бөгөөд эр чадал, эрэмгий зориг, их ухаан цогцлоосон домгийн шувуу юм. Тус наадам нь жендерийн тэгш эрх, тогтвортой хөгжлийн зорилтыг хангах зорилготой учраас “Эмэгтэй дүртэй байя” гэх саналыг уран бүтээлчид гаргасан. Ийнхүү үлгэр домгийн үзэсгэлэнт жигүүртэн, үг хэл цэцэн, бурхны дууч, бүхнийг чадагч хэмээн эрхэмлэн дээдэлдэг галбингаа гэх домгийн галт шувууг нэг дүрээрээ сонгосон” хэмээн тайлбарласан юм.
Зүүн Азийн залуучуудын наадамд оролцохоор 2,400 орчим тамирчин, дасгалжуулагч, 350 гаруй шүүгч, техникийн ажилтан болоод холбогдох албаныхан гээд нийт 4,500 орчим хүн Улаанбаатар хотод ирэх тооцоо гарчээ.
Бэлгэдэл дүрийг танилцуулах үеэр жүдо бөхийн дэлхийн аварга, олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, холимог тулааны тамирчин Б.Баттөр /Ангууч/ нар хүүхэд, залууст амжилтын түүхээ хуваалцан, ярилцсан юм.