Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнийн нэг жил орчмын өмнө буюу 2021 оны 10 дугаар сард болсон олон улсын хуралд оролцож байх үеэрээ хэлсэн үг нийгмийг цочролд оруулав. Тэрээр тав дахь жилдээ зохион байгуулагдсан “Ирээдүйн хөрөнгө оруулалтын санаачилга” олон улсын хуралд "Төрийн албаны анхан болон дунд шатны албан хаагчид Орост боловсрол эзэмшсэн хүмүүс байсан нь Засгийн газарт тулгарсан гол асуудал" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Тэгвэл дэд сайд Б.Болор-Эрдэнэ уг үйлдэлдээ уучлалт гуйж, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаагаа мэдэгдлээ.
Тэрээр "NextGen Government буюу шинэ үе хуучин системтэйгээ нүүр тулж, зөрчилдөж байгаа нь үнэн. Өөрчлөлт өвдөлтгүйгээр ирдэггүй гэдгийг ч ойлгож байгаа.
Миний хувьд салбарынхаа болон олон хүний дэмжлэг, оролцоотойгоор И-Монголиаг хийх гэж, агентлагаа яам болгох гэж, салбараа томруулах гэж энэ хугацаанд бүх хүчээ зарцууллаа. Ингэхдээ алдаа оноо гаргасанд та бүхнээсээ уучлалт хүсье.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамт олон минь, Цахим хөгжлийн яамны хамт олон, И-Монголиагийн хамт олондоо чин сэтгэлээсээ баярлалаа. Бид хамтын зорилгодоо нэгдэж үнэхээр их хөдөлмөрлөсний үр дүнд өнөөдөр цахим шилжилт ид хийгдэж байна.
Сүүлийн хэд хоног улс төрийн зохион байгуулалттай дайралт, хуучин системийн завхрал, хуурамч мэдээлэл, харлуулах технилоги, авлигажсан системийн цохилтыг яс махандаа шингэтэл ойлгож мэдэрлээ.
Мөнгө, ашиг сонирхол, эрх мэдэл байхад хэнийг ч зохион байгуулалттайгаар яллаж болдог юм байна. Энэ систем дотор албан тушаалдаа хорогдоод үлдвэл дасаж, бугшсан системийн нэг хэсэг болохоос өөр аргагүй.
Гэхдээ энэ хуучин системийн завхрал оршсоор байгаа үед Та бидний хүсээд байгаа өөрчлөлт хэзээ ч хийгдэхгүй. Ганц дайчин ганцаардахгүй биш ганцаарддаг гэдгийг мэдэрлээ.
Тиймээс би дэд сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө хүргүүлснээ мэдэгдэж байна. Гэхдээ энэ бугшсан 30 жилийн системд бууж өгч байгаа юм биш шүү. Харин ч тэмцэнэ. Тэмцэхдээ илүү эрх чөлөөтэй тэмцэнэ. Илүү олон залуучуудтай хамт тэмцэнэ.
Өөрчлөлт өнөөдөр биш гэхэд маргааш заавал ирнэ. Өөрчлөлтийг өөр хандлагатай шинэ үе авчрах л болно.
Миний хийж бүтээсэн ажлыг дэмжсээр ирсэн, шүүмжилсээр ирсэн Та бүхэнд баярлалаа" хэмээн бичжээ.