Төр нь иргэндээ гомдсон хэргийн шүүх хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж, шүүгдэгч нар эцсийн үгээ хэлснээр завсарлага авсан юм. Шүүх бүрэлдэхүүн хуралдаж шүүхийн шийдвэрээ танилцуулахаар шүүгдэгч нарыг дотогш дуудлаа.
Өнгөрсөн баасан гаригт эхэлсэн иргэн Э.Одбаяр, Б.Цацрал, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд гурав дахь өдрөө үргэлжилж буй юм.
Тодруулбал, "Цахим үндэстэн" арга хэмжээг эсэргүүцсэн #NoDoubleStandart хөдөлгөөнтэй холбоотой нэг, 461 дүгээр ангиас хүн оргуулж байх явцдаа хууль сахиулагч нарыг эсэргүүцсэн нэг, мөн Дорнод аймагт болсон бусдын машинаар дайрсан хэргийг цахим сүлжээнд тавьсан нэг, сурагчдыг дэгдэж буй бичлэгийг цахим сүлжээнд тавьсан гэх үндэслэлээр дээрх таван иргэнийг Эрүүгийн хуулийн 13.14 болон 23.1.1 дүгээр зүйл ангид холбогдуулж, яллагдагчаар татаад байгаа юм.
Өчигдөр шүүгдэгч Э.Одбаяр "Шүүх хуралд нийт долоон хүн хохирогчоор оролцож байна. Тодруулбал, МАН-ын дарга, Ерөнхий сайд, Монгол Улсын иргэн Л.Оюун-Эрдэнэ гэсэн гурван статусаар гомдож байгаа гэдгийг шүүх хуралд оролцож буй төлөөлөгчид нь хэлж байна. Мөн цагдаагийн байгууллагаас гурван хохирогч, шүүхийн шийдвэрээс гурван хохирогч байгаа юм.
Хоёр эрүүгийн хэргийн нэг нь цахим үндэстэн буюу #NoDoubleStandart-тай холбоотой бол нөгөөх нь биднийг 461 дүгээр ангиас хүн оргуулж байх явцдаа /иргэн Д.Монголхүүг/ хууль сахиулагч нарыг эсэргүүцсэн гэх үндэслэлээр үүсгэсэн. Гэтэл оргосон гэх хүн нь оргоогүй гэдэг нь тогтоогдоод хэрэгсэхгүй болоод удаж байна. Өөрөөр хэлбэл, оргосон гэдэг нь огт тогтоогдоогүй, хэрэгсэхгүй болсон хэрэг дээр шүүж байна гэхэд хилсдэхгүй.
Мөн Дорнод аймагт хүүхэд машин дайруулсан видео бичлэгийг ил болгохдоо МАН-ын гишүүдийн нэр хүндэд намайг халдсан гэж үзэж байгаа. Уг нь тухайн хэргийн бичлэг устаад байсан, дарагдах гээд байсан болохоор тус аймгийн иргэн намайг шүгэл үлээхийг хүссэн учраас би өөрийн цахим хаягтаа нийтэлсэн. Тэр бичлэгийг одоо хүртэл устгаагүй учраас бас асуудал үүсээд байгаа" гэсэн юм.