Өнгөрсөн баасан гаригт эхэлсэн иргэн Э.Одбаяр нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал үргэлжилж байна.
Тодруулбал, "Цахим үндэстэн" арга хэмжээг эсэргүүцсэн #NoDoubleStandart хөдөлгөөнтэй холбоотой болон 461 дүгээр ангиас хүн оргуулж байх явцдаа хууль сахиулагч нарыг эсэргүүцсэн, мөн Дорнод аймагт болсон бусдын машинаар дайрсан хэргийг цахим сүлжээнд тавьсан гэх үндэслэлээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гомдлоор дээрх таван иргэнийг Эрүүгийн хуулийн 13.14 болон 23.1.1 дүгээр зүйл ангид холбогдуулж, яллагдагчаар татаад байгаа юм.
Шүүх хурал түр завсарлах үеэр иргэн Э.Одбаяраас яриа авсныг хүргэж байна.
Тэрээр "Одоогоор #NoWar хөдөлгөөний таван хүнд холбогдуулж эрүүгийн хоёр хэрэг, 10 хүнд зургаан зөрчлийн хэрэг үүсээд байгаа. Өнөөдөр хоёр эрүүгийн хэрэгтэй холбогдох шүүх хурал болж байна. Тус шүүх хуралд нийт долоон хүн хохирогчоор оролцож байна.
Тодруулбал, МАН-ын дарга, Ерөнхий сайд, Монгол Улсын иргэн Л.Оюун-Эрдэнэ гэсэн гурван статусаар гомдож байгаа гэдгийг шүүх хуралд оролцож буй төлөөлөгчид нь хэлж байна. Мөн цагдаагийн байгууллагаас гурван хохирогч, шүүхийн шийдвэрээс гурван хохирогч байгаа юм.
Хоёр эрүүгийн хэргийн нэг нь цахим үндэстэн буюу #NoDoubleStandart-тай холбоотой бол нөгөөх нь биднийг 461 дүгээр ангиас хүн оргуулж байх явцдаа /иргэн Д.Монголхүүг/ хууль сахиулагч нарыг эсэргүүцсэн гэх үндэслэлээр үүсгэсэн. Гэтэл оргосон гэх хүн нь оргоогүй гэдэг нь тогтоогдоод хэрэгсэхгүй болоод удаж байна. Өөрөөр хэлбэл, оргосон гэдэг нь огт тогтоогдоогүй, хэрэгсэхгүй болсон хэрэг дээр шүүж байна гэхэд хилсдэхгүй.
Мөн Дорнод аймагт хүүхэд машин дайруулсан видео бичлэгийг ил болгохдоо МАН-ын гишүүдийн нэр хүндэд намайг халдсан гэж үзэж байгаа. Уг нь тухайн хэргийн бичлэг устаад байсан, дарагдах гээд байсан болохоор тус аймгийн иргэн намайг шүгэл үлээхийг хүссэн учраас би өөрийн цахим хаягтаа нийтэлсэн. Тэр бичлэгийг одоо хүртэл устгаагүй учраас бас асуудал үүсээд байгаа" гэсэн юм.
Мөн тэрээр "Ерөнхий сайд өөрөө жагсаал цуглаан зохион байгуулж байсан хүн шүү дээ гэх" сэтгүүлчийн асуултад "Ерөнхий сайдад одоо юу хэлэх вэ дээ, иргэдээ яллаж чадвал шившиг болно. Ялагдсан ч шившиг болно. Л.Оюун-Эрдэнэд буцах зам байхгүй. Энэ хүн бол шившгийн Ерөнхий сайд" гэлээ.