Нийслэлийн 20 байршилд агаарын бохирдлыг 7-8 төрлөөр хэмжих төхөөрөмж суурилуулж байгаа талаар Байгаль орчны яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ талаар “Хай Пэймэнт Солюшнс” компанийн гүйцэтгэх захирал Наранбат "Польш улсад үйлдвэрлэсэн агаарын бохирдол хэмжигч төхөөрөмжийг 2022 оны гуравдугаар сард Монгол Улсад оруулж ирж, нэвтрүүлэхэд бэлэн болсон. "Airply" төхөөрөмж нь PM-1, PM-2.5 тоосонцор хэмжихээс гадна хүхэр, азот, нүүрстөрөгчийн давхар ислүүд, озон зэрэг агаар бохирдуулагчийг хэмжих чадвартай төхөөрөмж юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 17 аймагт PM-2.5, PM-10 тоосонцор хэмждэг төхөөрөмжүүд байдаг. Хүхрийн давхар исэл, азот, нүүрстөрөгчийн давхар ислүүд, озон хэмжих төхөөрөмж хараахан нэвтрээгүй. Тиймээс "Airply"-г 21 аймаг болон 9 суманд нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг хэмжих 40 орчим төхөөрөмжтэй. Засгийн газрын өмчийн 18 байршилд томоохон төхөөрөмж байдаг. Эдгээр нь PM тоосонцроос гадна нэмэлт тоосонцруудыг хэмжих бололцоотой. Хувийн хэвшил болон ЭСЯ, олон улсын байгууллагуудын байршуулсан 22 төхөөрөмж байдаг байна.
Бид Улаанбаатарт одоо байгаа 40 төхөөрөмжүүдтэй давхардуулахгүйгээр 20 төхөөрөмжийг нэмж суурилуулна. Ингэснээр улсын хэмжээнд агаарын чанарыг хэмжих 90 төхөөрөмжтэй болсноор иргэд, байгууллага мэдээлэл авах боломж нэмэгдэнэ.
Иргэд амьдарч байгаа орчныхоо агаарын чанарын мэдээллийг HiPay аппликэйшнээр авах боломжтой" гэлээ.