Эрдэнэс Тавантолгой ХК-д аравдугаар сарын 26-нд онцгой дэглэм тогтоох шийдвэрийг Засгийн газар гаргаж, бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон. Тус компани дээр нөхцөл байдал ямар байгаа талаар төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл хийлээ.
Тэрээр "Миний бие аравдугаар сарын 26-ны 15:00 цагт Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна. Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу эн тэргүүнд 500 сая ам.долларыг Монгол Улсад оруулж ирэхэд анхаарч, гол ажлаа зохион байгуулсан. Энэ хүрээнд Боомт сэргэлтийн үндэсний хороонд асуудлуудыг танилцуулахад тус хорооноос Баасан гарагт шийдвэрээ гаргаж, тухайн өдрийн оройноос нүүрс тээвэрлэлт эхэлсэн.
Намайг ажил авахад Тавантолгойн уурхай дээр 20 орчим километр газарт 500 орчим машины цуваа үүссэн, нүүрсээ ачихад хүндрэлтэй байдалд орсон байсан. Оновчтой зохион байгуулснаар уурхай дээр бөөгнөрсөн тээврийн хэрэгслүүдийн тоог буурууллаа.
Мөн аравдугаар сарын 26-наас хойш буюу томилогдсон өдрөөсөө хойш 378 мянган тонн нүүрсийг уурхайгаас Цагаан хад, Цагаан хаднаас цааш борлуулах замаар 15.8 сая ам.долларыг Монгол Улсад оруулаад байна. Энэ байдлаараа ондоо багтаж Монгол Улсад 500 сая ам.доллар оруулж ирэх бүрэн боломж бий.
ЭТТ ХК өмнө нь 200-300 орчим тээврийн хэрэгслээр 20-30 мянган тонн нүүрсийг экспортод гаргаж байсан бол аравдугаар сарын 26-наас хойш өнөөдрийн байдлаар 657 тээврийн хэрэгслээр 74.8 мянган тонн нүүрсийг өдөрт гаргаж байгаа.
500 сая ам.долларыг оруулж ирэхэд өдөрт хамгийн багадаа 84 мянган тонн нүүрсийг уурхайгаас Цагаан хад руу тээвэрлэж, сардаа 2.5 сая тонн нүүрс экспортолж байж, сард 250 сая ам.доллар оруулж ирэх боломжтой байгаа юм" гэлээ.
ЭТТ ХК-д офтек нөхцөлтэй гэрээ дөрөв бий бөгөөд нэг нь маш нууцын, нэг нь нууцын зэрэглэлтэй байна.