Өнгөрсөн сарын 10-ны өдөр Олимп хотхоны хойд замд урсгал сөрж долоон машин мөргөж, 12 настай хүүхэд гэмтээсэн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад хилийн хориг тавьжээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад тус тус заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах талаар ирүүлсэн саналыг тус шүүх өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт буюу аравдугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцсэн байна.
Шүүх хурлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 14.13 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Эргэн сануулахад, осол гаргасан 29 настай Ч.Маралмаа нь жолооны курс төгсөөгүй, жолооч биш гэдэг нь тогтоогдсон бөгөөд тэрээр найз залуугаа согтуугаар жолоо бариулахгүйн тулд түүний төрсөн ахынх нь машиныг унаж осол гаргасан гэж Цагдаагийн газар мэдүүлсэн байдаг.