Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км замыг хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-ны ням гаригт бүрэн нээлээ.
Энэ талаар өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийж, иргэд, аж ахуйн нэгжүүдээс хүндрэл учруулж байсанд уучлалт гуйсан юм.
Тэрээр "Монгол Улсын нийгэм, эдийн засаг, зорчигч болон ачаа тээврийн гол судас болсон, Монгол Улс ОХУ-ыг холбосон, импортын ачааны дийлэнх хэсгийг тээвэрлэдэг Дарханы зам олон жилийн хугацаанд баригдаж, энэ хугацаанд ард иргэд, ААН байгууллагуудад хүндрэл учруулж байсанд уучлалт хүсье.
Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу холбогдох яамд, байгууллагууд анхаарал тавьж ажилласны дүнд Дархан-Улаанбаатар чиглэлийн нэг урсгал, хоёр эгнээ зам хөдөлгөөнөө нээж байна.
Өнгөрсөн хугацаанд хатуу боловч үнэн үгээр шүүмжилж, ажиллах боломж олгож байсан иргэд, мөн энэ замыг чанартай хийхээр хичээж ирсэн нийт замчдадаа баярлалаа" гэв.
Мөн тэрээр ирэх жил хоёр урсгал, дөрвөн эгнээ зам бүрэн нээгдэж, энэ хүртэл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, дүрмээ баримталж, тэмдэг тэмдэглэгээг дагаж, осолгүй зорчихыг иргэд тээвэрчдэдээ уриалав.