Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Өнөөдрийн мэдээллээр АШУҮИС-ийн төв эмнэлгийн захирал, анагаах ухааны доктор профессор Х.Алтайсайхан чихрийн шижин өвчтэй хүмүүсд коронавирусийн халдварын үед хэрхэх талаар зөвөлгөө өглөө.
Тэрээр "Чихрийн шижин нь цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээр бодисын солилцоо хямарч, олон эрхтэн системийн талаас хүндрэл гардаг ийм өвчин юм. Гол нь зүрх, судасаар хүндэрдэг өвчин.
Коронавирусийн халдвараар өвдсөн хүмүүсийн тоо баримтаас харахад хүнд, хүндэвтэр, маш хүнд хүний тоо нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор нас баралт өндөр байна. Зүрх, бөөрний дутагдалтай, чихрийн шижинтэй, уушгины архаг өвчтэй хүмүүс хүндэрч байна. Иймд архаг өвчтэй хүмүүсийг хянаж, хүндрэл, нас баралтаас сэргийлэх арга хэмжээг авч байна.
Хордлого, халдварын үед цусан дахь сахарын хэмжээ огцом нэмэгддэг. Ингэснээр сахарын хүндрэлээр нас барах эрсдэл байна. Комд орох болон олон эрхтний системийн дутагдалд орох аюултай. Нөгөөтэйгүүр ковид өвчин хүнд хэлбэртэй учир ийм хоёр чиглэлийн хүндрэл байна.
Суурь, архаг өвчтэй хүмүүс цусан дахь сахарын хэмжээг өглөө өлөн үедээ, орой унтахын өмнө өдөрт хоёр удаа үзэж байх нь зүйтэй.
Цусны сахарын хэмжээ 15 ммолиос дээш болбол яаралтай эмнэлэгт хэвтэж, эмчлүүлэх хэрэгтэй. Эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээг 4 цаг тутамд түргэвчилсэн оношлуураар хянаж байх ёстой. Эмчлүүлж буй хүмүүст хэрхэн хяналт тавих сургалтыг эмч нарт өгч байна.
Зорилтот түвшин гэж байдаг. Цусан дахь сахарын хэмжээ 6-10 ммоль байхаар зорилтот түвшин гээд тухайн хүний өвчилсөн жил, сахарын хэмжээ шээсэн дэх кетоны хэмжээнээс хамаараад харилцан адилгүй тогтоодог. Чихрийн шижин өвчтэй хүмүүс дотоод шүүрлийн эмчийн хяналтад байж, зөвлөгөө авч байх хэрэгтэй.
Чихрийн шижинтэй хүмүүс тогтмол цагт хоол идэж, өдөрт хоёр удаа сахарын хэмжээгээ үзэж байхыг зөвлөе. Сахарын хэмжээг богино хугацаанд гаргадаг түргэвчилсэн оношлуур бий. Өндөгнөөс цусны дээж аваад үздэг.
Сахарын хэмжээ 15 ммолиос дээш байвал яаралтай эмнэлэгт хандана. 10-15 ммолийн хооронд байвал өдөрт 4 цаг тутамд сахарын хэмжээгээ үзнэ.
Шээсний кетон гэдэг нь уургийн бодисын солилцооны хямрал. Хурдан хугацаанд бөөрний дутагдалд орох, зүрх, судасны хүндрэлээр нас барах эрсдлийг үзүүлдэг үзүүлэлт. Туузан оношлуураар шээсний кетоныг хэмждэг. Уг оношлуурыг шээсэнд дүрж үзнэ. 1+, 2+тэй байвал яаралтай эмнэлэгт хандана. Хоёр цаг тутамд 120-180 мл бүлээн ус ууж байх хэрэгтэй.
Коронавирусийн халдвар авсан чихрийн шижинтэй хүмүүст ядарч, сульдах шинж тэмдэг их илэрч байна.
Булчинг ажиллагаатай байлгахын тулд босож, суух, хана түшиж зогсох зэрэг дасгал хөдөлгөөнийг хийж байх нь зүйтэй. Ядарч байна гээд хэвтээд байвал улам ядарна.
Вакцин коронавирусийн халдвараас сэргийлэх хамгийн сайн арга. Вакциндаа хамрагдах нь чухал. Янз бүрийн хариу урвал үзүүлэх гэж нөлөө бий. Энэ нь тухайн хүний бие организмаас шалтгаална" гэлээ.