Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангаас КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэхэд 293 сая төгрөгийн үнэ бүхий хэрэгсэл хандивлажээ.
Үүнд найман ширхэг амьсгалын аппарат, 53 сая төгрөгийн хувийн хамгаалах хэрэгсэл багтсаныг НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь Оффисын тэргүүн хатагтай Каори Ишикава хүлээлгэн өглөө.
Эрүүл мэндийн Дэд сайд Ш.Анхмаа НҮБ-ын Хүн амын сангаас КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэхэд зориулж амьсгалын аппарат, хувийн хамгаалах хэрэгсэл хандивлаж байгаад талархал илэрхийлж, энэхүү арга хэмжээ нь цаг үеэ олсон нэн чухал арга хэмжээ болж байгааг тэмдэглэн хэллээ. Тэрээр НҮБ-ын Хүн амын сан КОВИД-19 халдварын цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг тууштай дэмжиж, нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн тусламж хамтын ажилллагааны томоохон хэсэг болохыг онцлоод амьсгалын аппаратуудыг ЭХЭМҮТ, Нийслэлийн амаржих газрууд болон Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт, хувийн хамгаалах хэрэгслийг нийслэлийн дээрх дөрвөн эмнэлэгт тус тус хүлээлгэн өгнө гэв. Эдгээр нь КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, тоног төхөөрөмжийн хангалтыг дээшлүүлэх, эрүүл мэндийн ажилтнуудыг халдвараас сэргийлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдлээ.
Хатагтай Каори Ишикава хэлэхдээ НҮБ-ын Хүн амын сан нь Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газартай олон жил идэвхтэй хамтран ажиллаж, олон хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсний дүнд КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэх, цар тахлын үед охид, эмэгтэйчүүд, эрүүл мэндийн ажилтнуудыг халдвараас сэргийлэх, тэдний эрүүл аюулгүй байдлыг хангахад чиглэсэн 392 мянган ам.доллар буюу 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус улсын Засгийн газраас шийдвэрлэж, уг төслийн хүрээнд эдгээр амьсгалын аппарат, хувийн хамгаалах хэрэгслийг нийлүүлж байгааг онцлов гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.