x

О.Мөнхсайхан: Шүүгч хараат бус, шударга ажиллах эрх зүйн орчин бүрдсэн

2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Шүүхийн тухай хуулийг УИХ эцэслэн баталсан. Уг хуулийн зарим заалтын талаарх хоригийг Ерөнхийлөгч 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр тавьсан.

Хоригийг УИХ-аар хэлэлцэх гэж буйтай холбогдуулан Ажлын дэд хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхантай ярилцав. 

-Шүүхийн тухай хуулийг шинэчлэх гол шалтгаан нь бидний хэлж заншсан “шударга бусын хонгил”-ыг нураах, хараат бус болгох. Хууль тогтоогчид энэ зорилгодоо хүрч чадсан уу?

-2017-2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх үед шүүхийг хараат бус, шударга болгох талаар маш их хэлэлцүүлэг өрнөж, судалгаа хийгдсэн, үүний үр дүн ч Үндсэн хуульд туссан. ХЗДХЯ Шүүхийн тухай хуулийн төслийг боловсруулсны дараа 2020 оны нэгдүгээр сард цахим хуудастаа нээлттэй байршуулж 3 сар шахам хугацаанд санал авсан. Засгийн газар уг төслийг эцэслэн боловсруулж УИХ-д өргөн мэдүүлснээс хойш бүтэн 8 сарын турш УИХ-ын дотор болон гадна хэлэлцүүлэг өрнөсөн. Жишээлбэл, Бодлогод залуусын хяналт, Оюуны инноваци, Нээлттэй нийгэм форум гэсэн шударга шүүхийн төлөө манлайлан ажилладаг ТББ-ууд, Стратеги академи, Хуульчдын холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Улаанбаатар хотын худалдааны танхим, УИХ дахь АН-ын бүлэг, Хууль зүйн байнгын хороо зэрэг газраас 20 гаран хэлэлцүүлэг зохион байгуулж, санал, зөвлөмжөө ажлын хэсэгт хүргүүлсэн. Мөн шүүхийг дагнан судалдаг судлаачид, хуульчид хувиараа болон хамтран санал, зөвлөмжөө хүргүүлсэн нь бараг бүгд хуульд туссан. Ерөнхийлөгчийн саналын дийлэнх нь энэ хуульд шингэсэн.

Түүнчлэн, Ажлын хэсгийн даалгавраар олон улсын сайн туршлага, сүүлийн 20 шахам жилийн дотоод гадаадын судалгаануудын дүгнэлт, саналыг шүүж шаардлагатайг нь хуульд оруулсан. Шүүхийн тухай хуулийн төслийн эхний хувилбар гарснаас хойш гэхэд Парламентын судалгааны хүрээлэнгийн болон бусад судлаачдын тухайн төсөлд зориулан хийсэн судалгаа гэхэд л тоон хэлээр хэлбэл 500 гаран хуудас болж байна. Энэ бүхний үр дүнд Шүүхийн тухай хууль нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцсэн, манайд үүссэн шүүгчийн хараат бус байдал, хариуцлагатай холбоотой тулгамдсан асуудлыг зохистой шийдэх бодлогын үндэслэл бүхий хувилбаруудаас сонгосон сайн хууль болсон. Болгоомжилсон, цаг нь болоогүй гэж үзсэн, бас зөвшилцлийн явцад буулт хийснээс үүдэн цөөн чухал санал тусаагүй ч энэ нь ардчилсан процессын үр дүн, асуудал үүсвэл дараа шийдвэрлэгдэх боломжтой. Энэ хуулийг зөв ойлгож тууштай хэрэгжүүлбэл хараат бус, шударга шүүх бэхжих суурь тавигдаж, “шударга бусын хонгил” гэгч нуран унана. Ихээхэн мөнгөн дүнтэй эсвэл улс төрийн том ашиг сонирхлыг хөндсөн маргааныг шийдэхэд улс төрийн болон бусад зүй бус нөлөө орох эрсдэл байгааг “шударга бусын хонгил” гэж улс төрийн хэллэгээр хэлж байгаа. Үнэхээр ийм эрсдэл байгаа юу гэвэл бодитой байгаа. Энэ эрсдэлийг бууруулах, сэргийлэх, хаах олон механизм Шүүхийн тухай хууль орсон.

-Шүүхийн тухай хуульд Ерөнхийлөгч хэсэгчилсэн хориг тавилаа. Уг хуулийг шүүх эрх мэдлийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг бүрэн алдагдуулах гол үндсийг бүрдүүлж байна гэж үзжээ. Үүнд та тайлбар өгөөч?

-Үүнтэй ерөөсөө санал нийлэхгүй. Харин ч өдийг хүртэл Ерөнхийлөгч гэсэн нэг улс төрчид шүүхийн томилгоотой холбоотой бараг бүх эрх мэдэл төвлөрч “шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг” алдагдуулж ирсэн. Дэлхийн өрсөлдөх чадварын индексийн хүрээнд хийгддэг шүүхийн хараат бус байдлын үнэлгээгээр Монгол 140 гаруй улсаас 120-т жагсаж байна. Улмаар, Ерөнхийлөгчийн институтийн зүгээс тодорхой хэрэг, маргааны хувь заяанд шууд нөлөөлөх эсхүл тийнхүү ойлгогдох байдлыг үүсгэдэг. Хууль санаачлах, хориг тавих, ШЕЗ-ийн санал болгосноор шүүгчдийг томилох, Дээд шүүхийн санал болгосноор Ерөнхий шүүгчийг нь томилох зэрэг үндсэн бүрэн эрхийг Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгосон. 28 жилийн турш энэ хүрээнээс гадуур Үндсэн хуульд зааж өгөөгүй маш олон үндсэн гэж хэлж болохоор бүрэн эрхийг хуулиар Ерөнхийлөгчид нэмээд өгсөн. Одоог хүртэл үйлчилж буй хуулиудаар Ерөнхийлөгч шүүгчийг томилоод зогсохгүй тэдгээрийг шилж олдог Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн дарга, гишүүд, шүүгчид сахилгын шийтгэл оногдуулдаг Шүүхийн ёс зүйн хорооны дарга, гишүүдийг томилж, бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчийг томилж, шүүгчийг түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлж байна. Ерөнхийлөгч УЕП-ыг томилж, АТГ-ын дарга, дэд даргыг санал болгодог.

Мөн, Ерөнхийлөгчийн тэргүүлдэг ҮАБЗ-өөс зөвлөмж гарвал ямар ч үндэслэл дурдахгүйгээр шүүгчийг хугацаагүй түдгэлзүүлэх, ерөнхий шүүгчийг огцруулах, УЕП, түүний орлогч, АТГ-ын дарга, дэд дарга нарын бүрэн эрхийг дуусгавар болгодог болсон. Үндсэн хуулиар олгоогүй ийм олон бүрэн эрхийг өгснөөс болж Ерөнхийлөгчид хэт их эрх мэдэл төвлөрч төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцэл алдагдахад хүрсэн. Энэ байдал нь “шударга бусын хонгил” гэх эрсдэлийг үүсгэж, Үндсэн хууль зөрчдөг. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 1992 оны Үндсэн хуулийн 33.4-ийн анхны үзэл баримтлалыг тодотгож “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж заасан нь хонгилыг нураах гол түлхүүрүүдийн нэг. Иймээс, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, чөлөөлөх, огцруулах, Улсын дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг томилох, ШЕЗ болон Шүүхийн сахилгын хороо (ШСХ)-ны гишүүнийг санал болгох, томилох зэрэг Үндсэн хуулиар зөвшөөрөөгүй бүрэн эрхийг Ерөнхийлөгчид эдлүүлэхээр хуульчлахаас татгалзах агуулгаар Шүүхийн тухай хууль гарсан.

-Ерөнхийлөгчийн зүгээс шүүхтэй холбоотой дийлэнх эрх мэдлийг УИХ-д, бүр ялсан намд өгчихлөө гэх шүүмжлэлтэй та санал нийлэх үү? Ерөнхийлөгчийн хоригт ч ийм санаа байсан.

-Санал нийлэхгүй байгаа шалтгаанаа нэг нэгээр нь тайлбарлая. 1992 оны Үндсэн хуулиар ШЕЗ гэж шинэ институцийг байгуулж хуульчаас шүүгчийг шилж олох, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах үүргийг хариуцуулсан. Одоо энэ байгууллага 5 гишүүнтэй бөгөөд эдгээр таван гишүүнийг бүгдийг нь, мөн даргыг нь Ерөнхийлөгч томилдог. Эдгээр 5 гишүүний гурвыг шат шатны шүүхийн шүүгчид, нэгийг Хуульчдын холбоо, нэгийг хууль зүйн асуудал эрхэлсэн сайд Ерөнхийлөгчид санал болгодог ч энэ процесс нь маш хаалттай, олон нийтийн болон хуульчдын оролцоо, хяналтгүй явагдаж ирсэн. Ингээд Ерөнхийлөгч өөрийн томилсон ШЕЗ-ийн дарга, гишүүний санал болгосон хүнийг шүүгчээр томилдог одоогийн тогтолцоо нь түүний зүгээс шүүхэд зүй бусаар нөлөөлөх эрсдэл үүсгэдэг.

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг тодорхой болгож үүний дагуу Шүүхийн тухай хууль шинээр батлагдаад байна. ШЕЗ 10 гишүүнтэй байх бөгөөд эдгээр гишүүд даргаа дотроосоо сонгох болж буй нь ШЕЗ-ийн бие даасан байдлыг хангахад тустай. ШЕЗ нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах зорилготой учраас өөрөө бас харьцангуй бие даасан байх зарчимтай. ШЕЗ-ийн бүрэлдэхүүнд өмнөх шиг шүүгчид давамгайлаад ирэхээр шүүгчийн явцуу ашиг сонирхлыг илүү баримтлаад хариуцлагыг нь сулруулах эрсдэлтэй. Шүүгчийг нь цөөлчих юм бол шүүгчийн хараат бус байдал руу халдах магадлалтай. Тиймээс, ШЕЗ дахь шүүгч болон шүүгч бус гишүүнийг тэнцүү байхаар Үндсэн хуульд заасан нь хараат бус байдал болон хариуцлагын тэнцвэрийг хангаж буй нэгэн хэлбэр.

ШЕЗ-ийн шүүгч гишүүн болох хүсэлтэй, шаардлага хангасан аль ч шүүгч нээлттэй нэр дэвших эрхтэй бөгөөд тэдгээрийг хуульчид болон иргэдэд танилцуулж саналыг нь авсны дараа нийт шүүгч чуулж өөрсдөөсөө шууд сонгоно. Энэ нь уг зөвлөлд ирэх зүй бус нөлөөллийг сааруулна. Үүнээс гадна нийт шүүгчээс бүрдсэн Нийт шүүгчдийн чуулган хэзээ яаж хуралдаж ШЕЗ-ийн шүүгч гишүүдийг сонгох вэ гэдгийг маш нарийн процессжуулж өгч буй. Уг чуулганыг зохион байгуулах чиг үүрэг нь шат шатны шүүхээс тэнцвэртэй бүрдсэн ажлын хэсэгт ногдох, санал тооллогын комиссыг уг хуралдаан өөрөө тэнцвэртэйгээр сонгож бүрдүүлнэ. Нийт шүүгчдийн чуулганыг 45 хоногийн өмнө зарлах, ШЕЗ-д нэр дэвших боломж олгоход 21 хоног өгөх, нэр дэвшигчдийн танилцуулгыг цахим хуудаст байрлуулах, иргэд 14 хоногт асуулт, саналаа илэрхийлэх боломж олгох, нийт шүүгчдийн хуралдаан дээр нэр дэвшигч бүр хийх ажил, нэр дэвшсэн үндэслэлээ тайлбарлаж, иргэдээс урьдчилан ирүүлсэн асуулт болон оролцогчдын асуултад хариулах, тэгээд тухайн орон тоонд тохирсон хамгийн олон санал авсан шүүгчийг сонгох зохицуулалт бий. Энэ процесс нь шүүгчид нийтээрээ, чөлөөтэй, шууд, тэгш сонгох эрхээ эдэлж нууцаар санал хураалгаж хүсэл зоригоо илэрхийлэхэд чиглэсэн.

ШЕЗ-ийн үлдсэн тав буюу шүүгч бус гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилно. Энэ нь гурван үе шатнаас бүрдэнэ. Нэгд, тал талын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг сонгон шалгаруулалт явуулж ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд тавих шаардлагыг хамгийн сайн хангасан нэр дэвшигчийг гаргаж ирнэ. ШЕЗ бол шүүгчийг шилж олох, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чухал чиг үүрэгтэй. ШЕЗ-д нэр дэвшигчийн мэдлэг, чадвар, хандлага, ёс зүй, туршлагыг нь судалж энэ чиг үүргийг хамгийн сайн гүйцэтгэж чадах хүнийг тодруулах ажиллагаа буюу сонгон шалгаруулалт нь өөрөө хараат бус, бодитой, олон талын оролцоог хангасан байх хэрэгтэй. Иймээс, УИХ дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, их, дээд сургуулийн санал болгосон тэнцвэртэй төлөөлөл бүхий 11 гишүүнтэй ажлын хэсэг энэхүү сонгон шалгаруулалтыг хийх бөгөөд үүнд аль нэг субъект нь давамгайлж, зүй бусаар нөлөөлөх эрсдэл багасна. Шаардлага хангасан иргэд нэрээ дэвшүүлэх 21 хоногийн хугацаа олгох, нэр дэвшигчийг бүртгэж танилцуулга, баримт бичгийг цахим хуудаст даруй байрлуулах, ажлын хэсэг нэр дэвшигчийн баримт бичгийг судлах, тэдгээртэй болон бусад этгээдтэй ярилцлага хийх зэргээр мэдээлэл цуглуулж олонхын санал авсан нэр дэвшигчдээс эрэмбэлж УИХ-д санал болгох юм.

Хоёрт, олон нийтийн хяналт, оролцоо, ил тод байдлыг хангах үүднээс шалгарсан нэр дэвшигч бүр дээр УИХ-ын хууль зүйн байнгын хороо томилгооны сонсгол хийнэ. Ажлын хэсгээс сонгон шалгаруулж олонхын санал авсан нэр дэвшигчийн талаарх тайланг УИХ-ын цахим хуудаст байршуулж 14 хоногийн дотор сонирхогч этгээд нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг хүлээн авна. Нэр дэвшигчийн талаарх томилгооны сонсголыг зарлан явуулах бөгөөд уг сонсголд сонирхсон иргэн, мэргэжлийн болон төрийн бус байгууллага, судлаач, хуульчид оролцож саналаа хэлэх, асуулт асуух боломжоор хангагдахаас гадна УИХ-ын гишүүд тухайн нэр дэвшигчээс асууж шалгааж хэн бэ гэдгийг нь олон нийтийн өмнө харуулж мэдээлэл өгч, иргэдийн саналыг нь сонсоно.

Гуравт, сонгон шалгаруулалтаар шигшигдэж нээлттэй сонсголд орсон нэр дэвшигчийг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томилох эсэхийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэнэ. Шүүгчид бол иргэд бидний амьдралын хамгийн чухал зүйлс маргаанд орохоор хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэнэ. Шүүгчийг хуульчдаас шилж олох ийм чухал чиг үүрэгтэй ШЕЗ-ийн гишүүдийн ядаж тал нь ард түмнийг төлөөлдөг парламентаас хүлээн зөвшөөрөгдвөл өөрөө ардчилсан легитим шинжийг хангана гэж үздэг. Шүүхийн ерөнхий зөвлөл бүхий Испани, Итали зэрэг улсад уг зөвлөл дахь шүүгч гишүүдийг шүүгч нар нь сонгож, шүүгч биш гишүүдийг нь парламент ихэнхдээ дийлэнх олонхоор томилдог.

ШЕЗ-ийг бүрдүүлэх, түүний шилж олсон хуульчийг шүүгчээр томилох процессыг бүхэлд нь харвал аль нэг субъектээс зүй бусаар давамгайлж оролцох эрсдэлийг бууруулж, гол институцүүдийг тэнцвэртэй оролцуулж, ШЕЗ хараат бусаар хариуцлагатай ажиллах суурь тавигдаж буй. ШЕЗ-ийн 10 гишүүн даргаа дотроосоо сонгох болж буй нь ШЕЗ-ийн бие даасан байдлыг хангахад тустай. ШЕЗ-ийн талыг шүүгчид сонгож буй тул шүүгчдийн оролцоог хангаж, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалж ШЕЗ-д орж ирэх зүй бус нөлөөллийг сааруулчихна. ШЕЗ-ийн шүүгч биш гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэгт төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцдог субъектүүдийн ч, мэргэжлийн болон сургалт, судалгааны байгууллагуудын төлөөлөл, оролцоог ч тэнцвэртэй хангана. Энэ хөндлөнгийн ажлын хэсгийн сонгон шалгаруулж санал болгосон хүнийг нээлттэй сонсголд оруулж ард түмний төлөөллийн байгууллага болох УИХ томилох эсэхийг шийдвэрлэх бөгөөд энэ нарийн процесс нь өөрөө УИХ-ын үзэмж, дур зоргыг хязгаарлахад зориулагдсан. Ийм тал талын оролцоотой бүрдсэн ШЕЗ хуульчдаас шилж олж санал болгосон хүнийг шүүгчээр томилох шийдвэрийг Ерөнхийлөгч гаргах учраас Ерөнхийлөгчийн оролцоог ч маш сайн хангана.

-Ерөнхийлөгч хоригтоо Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг ШЕЗ сонгон шалгаруулж Ерөнхийлөгч томилох хэрэгтэй гэсэн санааг илэрхийлж, тухайн шүүхийн шүүгчид нь өөрсдөө ерөнхий шүүгчээ сонгохыг буруушаасан байсан.

-Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь харвал одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар өөрт хэт төвлөрсөн эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн агуулга нэвт шингэж, чамин үгээр халхавчилсан нь харамсалтай. Тодруулбал, шүүгчийг томилоод зогсохгүй тэдгээрийг шилж олох ШЕЗ болон тэдгээрт хариуцлага тооцох ШСХ-ны шүүгч бус гишүүдийн заримыг санал болгох, бүх ерөнхий шүүгчийг томилох эрх мэдлээ авч үлдэх саналыг Ерөнхийлөгч удаа дараа гаргаж илэрхийлж ирсэн. Ерөнхий шүүгчээс бусад асуудлыг ярьчихсан. Үндсэн хуулийн 51.2-т “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.” гэж заасан нь зөвхөн шүүгч болон Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид л хамаатай. Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг томилох бүрэн эрхийг Ерөнхийлөгчид Үндсэн хуулийн 33 дугаар зүйл болон бусад аливаа заалтаар олгоогүй тул эдгээр ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч томилох нь Үндсэн хуулийн 33.4-д зааснаас хальж зөрчинө. Өмнөх шиг бүх шүүхийн ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч гэсэн нэгэн улс төрч томилох нь шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулна. Улсын дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг тодруулах асуудлыг Үндсэн хуулиар тусгайлан зохицуулаагүй учраас уг асуудлыг УИХ онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд хуулиар шийдвэрлэх боловч Үндсэн хуулийн “хууль дээдлэх,” “шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал”-ийн зарчмуудад нийцүүлэн зохицуулах үүрэгтэй. Шүүхийн тухай шинэ хуульд Улсын дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчид дотроосоо сонгохоор заасан нь олон улсын сайн туршлага юм. 2010 онд Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагаас Германы Макс Планк институцтэй хамтран шүүхийн хараат бус байдал, хариуцлагыг судалж 1000 гаран хуудас тайлан гаргаж, “Киевийн зөвлөмж” гэх маш чухал зөвлөмжүүд гаргасны дийлэнх нь УИХ-аас сая баталсан шинэ хуульд туссан. Энэ чухал зөвлөмжид “тухайн шүүхийн шүүгчид дотроосоо ерөнхий шүүгчээ сонгодог байх нь сайн хувилбар” гэж заасан. Венецийн комисс мөн тухайн шүүхийн шүүгчид дотроосоо ерөнхий шүүгчээ сонгохыг дэмжиж ирсэн.

28 жилийн хугацаанд хэт их эрх мэдэлтэй ерөнхий шүүгчийг бүгдийг нь Ерөнхийлөгч үзэмжээрээ томилдог болсон нь энэ томилгоогоороо дамжуулан шүүхийн тодорхой шийдвэрт нөлөөлөх эрсдэл үүсгэж байсан. Дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг бүгдгийг нь нэг улс төрч томилохоос татгалзсанаас гадна чухал өөрчлөлтийг УИХ Шүүхийн тухай хуульд оруулсан. Тодруулбал, манай улсад ерөнхий шүүгчид хуулиар маш их эрх мэдэл өгсөн нь өөрөө шударга бусын хонгил гэх эрсдэл үүсэх өөр нэг шалтгаан нь. Ерөнхий шүүгч хүссэн хуралдаанаа даргалах, шүүх бүрэлдэхүүнийг томилоход нөлөөлөх, Дээд шүүхийн болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч маргааны харьяалал шийдвэрлэх, танхим харгалзахгүйгээр шүүн таслах ажиллагаанд оролцох гэх мэтээр шүүн таслах ажиллагаанд нөлөөлөх давуу эрхийг Ерөнхий шүүгч эдэлж болохгүй гэдгийг тодорхой хуульчилсан. Үндсэн хууль дахь шүүгчийн хараат бус байдлын зарчмаар ерөнхий шүүгч гэдэг бол шүүн таслах  ажил дээр бусад шүүгчтэй яг адилхан эрх мэдэлтэй болно. Ерөнхий шүүгч бол “дарга шүүгч” биш, харин шүүх доторх ажлаа уялдуулан зохицуулагч болж буй хэрэг. Иймээс шүүх хуралдаан даргалдаг, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаг шүүгчдээс аль нь ерөнхий шүүгчийг ажлыг хийчих боломжтой. Нэгэнт шүүгчдээс дотроосоо сонгох учраас Ерөнхий шүүгчийн шалгалт авах ч илүүц юм. Өмнө нь ерөнхий шүүгчид төвлөрч ирсэн ихэнх эрх мэдлийг тухайн шүүхийн нийт шүүгчдийг багтаасан зөвлөгөөнд шилжүүлж зүй бусаар ашиглагдах эрсдэлийг үгүй болгож байна.

-Зарим нэг тохиолдолд хүссэн шүүгчээрээ хэргээ шийдвэрлүүлэх боломжтой гэх яриа гардаг?

-“Шударга бусын хонгил” үүсгэж буй өөр нэгэн зүйл бол эдийн засгийн эсхүл улс төрийн том сонирхол бүхий тал хэрэг, маргааныг хүссэн шүүгчдээ хуваарилуулах боломжийг хаагаагүй хууль үйлчилж ирсэнтэй холбоотой. Тодруулбал, шүүгчдийн зөвлөгөөн “хэрэг хуваарилах журмыг батлах” асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдгээс хэрэг хуваарилах журмыг тодорхойгүй, шүүх бүрт ялгаатай, иргэд болон өмгөөлөгчид ч олддоггүй шахуу хаагдмал байлгадаг нөхцөлийг үүсгэсэн. Ийм зохицуулалт нь будлиантуулахад хялбар хэрэг хуваарилах систем үүсгэж, авлига үүсгэх орон зайг буй болгодог. Жишээлбэл, том ашиг сонирхол бүхий хэрэг нь хүссэн шүүгч дээрээ орчдог бөгөөд хэрэг автоматаар хуваарилах системийг зогсоож дахин дахин хуваарилуулах замаар үүнийгээ хийдэг гэх яриа чих дэлсдэг. Өмнө дурдсанчлан, дандаа биш ч гэсэн зарим нэг тохиолдолд ерөнхий шүүгч нь өөрт буй давуу эрхүүдээ урвуулан ашиглаж ийм зүй бус хуваарилалт хийхэд оролдог байх гэх хардлага гардаг. Хэрэг, нэхэмжлэл, гомдол хүсэлт, бүрэлдэхүүнийг хуваарилахдаа цахим програм хангамж ашиглах болон урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор шийдвэрлэх замаар бүх шүүхэд мөрдөх тодорхой, объектив шалгуурыг нийтлэг байдлаар тусгаж үүнд нийцүүлэн тухайн шүүх нь журамлах маш нарийвчилсан зохицуулалт анх удаа хуульчлаад байна.

-Шүүх эрх мэдэл дэх Ерөнхийлөгчийн бүх эрх мэдлийг аваад үгүй болгож байна гэх шүүмжлэлд юу гэж хариулах уу? Ер нь, түүний санал туссан уу?

-Нэг талаар, Ерөнхийлөгчийн оролцоог бүр мөсөн алга болгох гээд байна гэх нь ор үндэсгүй. Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн хүрээнд гурван үндсэн бүрэн эрх эдлэхийг Үндсэн хуульд маш тодорхой заасан, түүнийгээ л хэрэгжүүлнэ. Тодруулбал, Дээд шүүхийн санал болгосноор түүний ерөнхий шүүгчийг, УИХ-тай зөвшилцөж Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг тус тус томилох бүрэн эрхийг Ерөнхийлөгч хэрэгжүүлэх нь хэвээрээ байгаа. Мөн, шүүхийг бүрдүүлэхэд Ерөнхийлөгч ШЕЗ-ийн санал болгосноор шүүгчийг томилж оролцож байгаа нь ч өөрчлөгдөөгүйг ерөөсөө ярихгүй байгаа. Нөгөө талаар, ШЕЗ болон ШСХ-ны хорооны гишүүнийг томилох, санал болгох бүрэн эрхийг Ерөнхийлөгч эдлэх ёстой, энэ нь Үндсэн хуулийн 51 дүгээр зүйл дахь шүүгчийг томилох бүрэн эрх дотроос урган гарч байгаа юм гэж зарим хүн хэлээд байгаа нь хачирхалтай. Ийм зүйл бол огт байхгүй. Үндсэн хуулийн 51-т ШЕЗ-ийн санал болгосноор шүүгчийг Ерөнхийлөгч томилно гэж заасан бөгөөд ШЕЗ-ийг Ерөнхийлөгч томилно гэх зүйл Үндсэн хуулийн аль ч заалтад байхгүй. Энэ бол Ерөнхийлөгчийн оролцох асуудал биш.

Хуульчдаас шүүгчийг шилж олох ШЕЗ-ийг Ерөнхийлөгч өөрөө байгуулалцаад, түүнээс санал болгосон хүнийг Ерөнхийлөгч өөрөө шүүгчээр томилно гэдэг бол уг томилгоог Ерөнхийлөгчөөс хэт хамааралтай болгоно. Ийм байх байсан бол Үндсэн хуулиар ШЕЗ-ийг тусгайлан байгуулахгүй байсан төдийгүй энэ нь 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй илт зөрчилдөнө. Эцэст нь, Ерөнхийлөгчийн саналаас авч болох маш олон заалт дэмжигдсэн. Жишээлбэл, шүүхийн төсвийн урсгал зардлын хэмжээг өмнөх жилийнхээс бууруулахгүй байх, ШЕЗ-ийн болон Шүүхийн сахилгын хорооны бүх гишүүнийг орон тооны болгох, ШЕЗ-ийн болон Сахилгын хорооны шүүгч гишүүдийг нийт шүүгчид өөрсдөө сонгож гаргах, харин шүүгч биш гишүүдийг сонгон шалгаруулсны үндсэн дээр УИХ томилгооны сонсгол хийж томилох, Дээд шүүхийн шүүгчийн тусгай саналыг хэвлэх, шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрт харгалзан үзэж тодорхой тусгадаг байх гэх мэт санал Шүүхийн тухай хуульд бүрэн тусаж батлагдсан. Харин, Монгол Улсын Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид огт олгоогүй эрх мэдлийг өөрөө авч үлдэх гэсэн саналыг нь л аваагүй, ийм саналыг нь авсан бол УИХ өөрөө Үндсэн хууль зөрчсөн хэрэгт унах байсан.

-Шүүгчдийн сахилга, хариуцлага сул байна гэх шүүмжлэл байдаг. Шүүхийн сахилгын хороог хэрхэн бүрдүүлэх ёстой вэ?

-Шүүгчийн сахилга, хариуцлагын тогтолцоо удаа дараа өөрчлөгдсөн бөгөөд Ерөнхийлөгч, ҮАБЗ, ШЕЗ гэх мэт янз бүрийн субъектээс хөндлөнгөөс энэ процесст оролцож тарамдуулж ирсэн нь уг тогтолцоог тогтворгүй, үр нөлөөгүй болгож байгаа учраас үүнийг шийдвэрлэх үүднээс Шүүхийн сахилгын хороог Үндсэн хуульд шинээр тусгасан. Шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий шүүхийн сахилгын хороо ажиллана гэж Үндсэн хуулийн 49.6-д заасан. Үүний үзэл баримтлал нь Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг шүүн таслах болон бусад туршлагатай иргэдээс нээлттэй нэр дэвшүүлэх замаар холбогдох институцээс тэнцвэртэй бүрдүүлэх юм.

Шүүхийн сахилгын хороо есөн гишүүнтэй байх бөгөөд дөрөв нь нийт шүүгчээс сонгогдсон шүүгч, тав нь шүүгч биш, хууль зүйн өндөр мэргэшилтэй иргэд байхаар туссан. ШЕЗ-ийн гишүүдтэй адилхан процессоор Сахилгын хорооны шүүгч гишүүнийг Нийт шүүгчийн чуулганаар, шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулалтаар гарч ирсэн нэр дэвшигч бүр дээр томилгооны сонсгол хийж УИХ томилно. УИХ шүүгч бус таван гишүүнийг томилох эсэхийг шийдвэрлэж буй боловч үзэмжээрээ шийднэ гэсэн үг биш. Учир нь, тал талын төлөөлөл бүхий ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг хийнэ, эндээс шалгарсан нэр дэвшигч бүр дээр нээлттэй сонсгол хийнэ, тэгээд УИХ томилох эсэхийг шийдвэрлэх бөгөөд  сонгон шалгаруулалт болон томилгооны сонсгол яаж явагдах тухай маш нарийн процессыг хуульчилсан. Үндсэн хуулийн 33.4-ийн дагуу Ерөнхийлөгч Сахилгын хорооны гишүүнийг томилох, санал болгох байдлаар шууд оролцохгүй.

Монгол Улс 550 хүрэхгүй шүүгчтэй, сахилгын хэргийн ачаалал тийм их биш учраас уг хорооны гишүүдийн тоо одоогийнх шигээ 9 байх нь зохистой. Шүүхийн сахилгын хорооны 9 гишүүний 4 буюу цөөнх нь шүүгч гишүүн байх нь шүүгч шүүгчээ өмөөрдөг байдлыг хязгаарлаж, сахилгын зөрчил гаргасан шүүгчид хариуцлага тооцоход итгэл төрүүлнэ. Нөгөө талаар, шүүгч биш гишүүд олонх учраас шүүгчийн хараат бус байдал руу халдах эрсдэл үүснэ. Энэ эрсдэлийг хаах зохицуулалтууд хуульчлагдсан. Юуны өмнө, Сахилгын хорооны сахилгын хэргийг хянан шийдвэрлэх нарийвчилсан процессыг анх удаа хуульчилсан. Шүүгч сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг Сахилгын хорооны гишүүнд тохиолдлын журмаар хуваарилна, тухайн илтгэгч гишүүн нь сахилгын хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэнэ. Сахилгын хэргийг Сахилгын хорооны хуралдаанаар шийдвэрлэж магадлал гаргах бөгөөд уг бүрэлдэхүүнд шүүгч гишүүн 1, шүүгч бус гишүүн 2 орно. Энэ магадлалд гаргасан гомдол, эсэргүүцлийг Сахилгын хорооны хянан үзэх хуралдаанаар шийдвэрлэх бөгөөд уг бүрэлдэхүүнд шүүгч гишүүн 2, шүүгч бус гишүүн 1 орохоор хуульчилсан нь шүүгчийн хараат бус байдлыг эрсдэлд оруулахаас сэргийлэх зорилготой. Сахилгын хорооны хянан үзэх хуралдаан холбогдох шүүгчийн шударгаар шүүлгэх эрхийг ноцтой зөрчсөн тохиолдолд түүний хяналтын тогтоолыг Улсын дээд шүүхэд гомдол гаргаж хүчингүй болгуулах боломжийг мөн хуульчилсан.

-Манай улсад шүүгчдэд сахилга хариуцлага тооцдог механизм хэрхэн явж ирсэн байдаг вэ?

-2014-2018 оны хооронд нийт 71 шүүгчид сахилгын арга хэмжээг Шүүхийн ёс зүй хороо авсан байдаг. Эдгээрийн ихэнх нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болж ердөө 15 нь сахилгын шийтгэл хүлээсэнд янз бүрийн шалтгаан бий. Уг хорооны шийдвэрийн чанарын асуудал байсныг үгүйсгэхгүй. Нөгөө талаар хуулийн буруу зохицуулалтаас болж сахилгын зөрчил гаргасан шүүгчид хариуцлага хүлээлгэж чадахгүй байдал үүсдэг байсныг засах заалтууд шинэ хуульд туссан. Нэгд, шүүгчийн сахилга, хариуцлагын тогтолцоог үр нөлөөгүй болгож буй нэг шалтгаан бол нэг жилийн хэт богино хөөн хэлэлцэх хугацаа. Олон улсын жишигт нийцүүлэн засаж огцруулах хэмжээний зөрчил гарснаас хойш 5 жил, бусад шийтгэл оногдуулах зөрчил гарснаас хойш 2 жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулахгүй байхаар хуульчилж, хөөн хэлэлцэх хугацааг одоогийнхоос 2-5 дахин уртасгасан.

Хоёрт, шүүгчид оногдуулах сахилгын шийтгэлийн төрлийг олшруулж, шийтгэл нь тухайн зөрчилд тохирсон байх зарчмыг анх удаа хуульчилсан. Өөрөөр хэлбэл, шүүгчийн сахилгын зөрчилд нь тохируулан хаалттай эсвэл нээлттэй сануулах, цалингийн хэмжээг 6 хүртэл сараар 20 хүртэл хувь бууруулах, шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэл түдгэлзүүлж сургалтад суулгах, огцруулах шийтгэл оногдуулах боломжтой.

Гуравт, шүүгчид сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэлийг маш тодорхой хуульчилсан. Учир нь, 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 49.6-д хуульд зааснаар Шүүхийн сахилгын хороо нь хуульд заасан үндэслэл, журмаар сахилгын шийтгэл оногдуулах чиг үүрэгтэй. Сахилгын зөрчлийн тодорхой жагсаалтыг хуульчилснаар шүүгч өөрийнхөө үйл ажиллагааны үр дагаврыг урьдчилан таамаглаж зохицуулах боломжтой бөгөөд дур зорго, субъектив байдлыг хязгаарлана, мөн Сахилгын хорооны хянан шийдвэрлэх процессыг шударга байхаар хуулиар тогтоож өгөх тул шүүгчийн хараат бус байдлыг эрстүүлэхээс сэргийлнэ.

Дөрөвт, урьд нь шүүгчийн сахилгын хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт гаргаж өгөхгүй байх, худал мэдүүлэг өгөх зэргээс болж олон зөрчил нотлогдож чадаагүй өнгөрдөг байсан. Олон улсын жишигт нийцүүлэн Шүүхийн сахилгын хорооны хуралдааны дэг, журмыг зөрчсөн,дуудсанаар хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, шаардсан мэдээлэл, нотлох баримтыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирүүлээгүй, гаргаж өгөөгүй, худал мэдүүлэг өгсөн, мэдээлэл, нотлох баримтыг устгасан, өөрчилсөн, Шүүхийн сахилгын хорооны гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцсон, нөлөөлсөн, заавар өгсөн, үйл ажиллагаанд нь саад учруулсан бол шийтгэл хүлээлгэхээр Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсон. Шүүгчийн сахилгын процессыг олон улсын жишигт нийцүүлэхэд чиглэсэн энэ мэт олон өөрчлөлт орсон.

ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд тавих шаардлагын талаар хоригт шүүмжилсэн байсан. Энэ талаарх таны тайлбар юу вэ?

-Ерөнхий зөвлөл болон сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох шүүгч гишүүн нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй байна гэж заасан талаар асуудал яригдаагүй. Харин, эдгээрийн шүүгч бус гишүүнээр “эрх зүйч” ажиллах боломжийг хуульд тусгасан гэсэн нь холбогдох заалтад буй өндөр шаардлагыг орхигдуулж дутуу ойлгосны илрэл болов уу. Шүүхийн тухай хуульд зааснаар эдгээр шүүгч бус гишүүд нь дараах таван шаардлагыг нэгэн зэрэг хангасан байна.

Нэгд, “хууль зүйн өндөр мэргэшилтэй” байхыг шаардаж буй нь ШЕЗ, ШСХ-нд ажиллах өндөр мэдлэг, чадвар, ёс зүй, зан төлөв, туршлагатай байхыг ойлгоно. Эрх зүйч, хуульч байх нь наад захын шаардлага мөн боловч эрх зүйч, хуульч бүр “хууль зүйн өндөр мэргэшилтэй” биш юм. Ийм өндөр мэргэшилтэй гэж хуулийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эсэх нь сонгон шалгаруулалт, нээлттэй сонсгол, томилгооны нарийн процессоор шүүгдэж шийдвэрлэгдэнэ.

Хоёрт, “эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан” туршлагатай байх шаардлагатай. Үүнд эрх зүйч, хуульч байх тухай шаардлагыг ажлын байрны тодорхойлолтод зааж, хууль зүйн дүгнэлт гаргах, зөвлөгөө өгөх, шүүхэд төлөөлөх, эрх зүйг судалж хөгжүүлэх зэрэг ажлыг багтаан ойлгодог.

Хуулийн зөвлөх, өмгөөлөгч, прокурор, их, дээд сургуулийн багш зэрэг ажил эрх зүйч мэргэжлээр ажилласан хугацаанд тооцогдоно гэсэн үг. 2012 оны Шүүхийн тухай багц хуулиар ч ШЕЗ болон Шүүхийн ёс зүйн хороонд зөвхөн хуульч байхыг шаарддаггүй байсан, харин Шүүхийн тухай саяын шинэ хуулиар эдгээр гишүүнд тавих шаардлагыг “хууль зүйн өндөр мэргэшилтэй байх,” “эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан” гэж өндөрсгөсөн.

Гуравт, “төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй” байх шаардлагатай.

Дөрөвт,  “сүүлийн таван жил шүүгч, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй” байхыг шаардана. Иймээс, улс төрчдийг ШЕЗ болон ШСХ-нд оруулах боломжгүй юм. Тавд, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Монгол Улсын иргэн байна. АНУ-ын олон муж, Европын олон улсуудад Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо шиг бүтэц шүүгчээс гадна хуульч, өмгөөлөгч, хуулийн профессор, бүр жирийн иргэнээс бүрдсэн алаг бүрэлдэхүүнтэй байхыг сайн туршлагад тооцдог. Гэвч, шүүгчийг шилж олох, шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах бүрэлдэхүүнүүдэд жирийн иргэнийг оруулахаас энэ удаа татгалзаж, улмаар зөвхөн шүүгч болон хууль зүйн өндөр мэргэшилтэй, шүүгч бус иргэн орж ажиллах агуулга хуульчлагдсан. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөл анхнаасаа ийм үзэл баримтлалтай байсан.

-Улсын дээд шүүхийг улстөрөөс хараат бус байлгах талаар хуульд хэрхэн тусгагдсан бол?

-Дээд шүүхтэй холбоотой сайн заалтууд туссан.

Нэгд, доод шатны шүүхийн хууль хэрэглээний ноцтой зөрүү гарсан, Дээд шүүхийн тайлбараас өөрөө хуулийг тайлбарласан шийдвэр гарсан, процессын ноцтой зөрчил гарсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэсэн маш тодорхой үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянадаг болж буй нь Дээд шүүх хуулийн нэгдмэл хэрэглээг хангах Үндсэн хуулийн гол чиг үүргээ хэрэгжүүлж эрх зүйг хөгжүүлдэг “онолын шүүх” болоход чиглэнэ. Одоо бол Дээд шүүх хууль хэрэглээний бүхий төрлийн асуудал руу орох, заримдаа фактын шинжтэй ч дүгнэлт хийдэг.

Хоёрт, Улсын дээд шүүхийн бүрэлдэхүүний гуравны хоёроос дээшхи нь шүүгчээр ажиллаж байсан хүмүүс, гуравны нэг хүртэлх нь прокурор, өмгөөлөгч, хууль зүйн сургуулийн багшаар ажилласан туршлагатай хуульчдаас шүүгчийн шалгалтад хамгийн сайн оноо авбал орох боломж нээлттэй байна. Ийм алаг бүрэлдэхүүн нь Дээд шүүхийн хууль тайлбарлах, хяналтын журмаар маргаан хянан шийдвэрлэж хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад тусална.

Гуравт, Дээд шүүх дээр тухайн маргааныг шийдэхэд цөөнх болсон шүүгч тусгай саналаа хэвлүүлэх эрхийг олгох санал дэмжигдсэн. Энэ заалт шүүгчдийн хараат бус байгаа эсэхийг нь харах, хариуцлагыг нь дээшлүүлэх, шүүхийн ил тод байдлыг нэмэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сайжруулахад маш том түлхэц болно.

Дөрөвт, Дээд шүүх Ерөнхий шүүгч болон 24 шүүгчээс бүрдэхээр тоог тодорхой болгож хуульчилсан. 2012 оны хуульд Ерөнхий шүүгч, 24-өөс доошгүй шүүгчээс бүрдэнэ гэж заасан байсан. Энэ тодорхойгүй байдлаас болж шүүгчдийн тоог нь гэнэт олноор нэмэх эсхүл бууруулах зэргээр энэ заалтыг урвуулан ашиглаж Дээд шүүхэд нөлөөлөх эрсдэл байсныг олон улсын сайн туршлагад нийцүүлэн хаасан. Одоогийн тоогоо барьж, ингэснээр дагнасан шүүхийг тогтолцооноос ухрахгүй байх, шүүгчийн хараат бус байдлыг эрсдэлд оруулахаас хамгаалах зэрэг ач холбогдолтой. Үүний зэрэгцээ Дээд шүүх бүх зүйл рүү орж шийддэгийг нь хязгаарлаад зөвхөн хуулийн хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад хамгийн чухал маргааныгхянан шийдвэрлэх тохиолдолд бүрэлдэхүүний энэ тоо хангалттай.

-Энэ цаг үед иргэдийн шударга шүүхээр шүүлгэх итгэл нуран уначхаад байгаа гэхэд хилсдэхгүй. Хуульд өөрчлөлт орсноор иргэн бүр шударга шүүхээр шүүлгэж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадна гэж ойлгож болох нь ээ?

-Үүний тулд маш олон зүйл хийх шаардлагатай л даа. Хуульч, шүүгч бэлтгэх тогтолцоо, процессын хуулиудыг шинэчлэх, шүүгчээр болон бусад чухал албан тушаалд өндөр мэргэшилтэй, зарчимч хүмүүсийг томилох зэргийг цогцоор нь хийж тууштай хэрэгжүүлж байж иргэний шударга шүүхээр шүүлгэх эрх бүрэн баталгаажна. Гэхдээ, Шүүхийн тухай хууль хараат бус, шударга шүүхтэй болох шинэчлэлийн маш чухал хэсэг нь мөн. Учир нь, энэ хуульд өмнө дурдсанчлан олон судалгааны дүгнэлт шингэж туссан. Мөн, энэ хууль нь дараах найман зарчимд тулгуурлан гарсан.

Нэгд, даргад буюу нэг албан тушаалтанд хэт их эрх мэдэл төвлөрүүлбэл шүүгчид зүй бусаар нөлөөлөх эрсдэл нэмэгддэг гэж үзэж үүнээс татгалзсан. Ерөнхийлөгч төдийгүй бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч болон шүүгчдийн эрх мэдлийг зохих байранд оруулж хязгаарласан. Мөн, ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны дарга нь бусад гишүүдээсээ давуу эрхтэй байж тэдгээрийг захирдаг байдал гарахаас сэргийлэх олон заалт орсон. Жишээлбэл, ШЕЗ-ийн болон Шүүхийн сахилгын хорооны дарга нь тус бүр зөвхөн нэг жилээр дотроосоо сонгогдож ажиллана. Шүүгчийн сахилгын зөрчилтэй холбоотой гомдол, мэдээлэл, сахилгын хэрэг, түүнийг шийдвэрлэх бүрэлдэхүүн нь урьдчилан мэдэх боломжгүй, тохиолдлын журмаар хуваарилах бөгөөд үүнд дарга үзэмжээрээ оролцохгүй.

Хоёрт, томилгоотой холбоотой болон бусад асуудлыг шийдвэрлэх процессыг аль болох нарийвчлан бичсэн нь урьд өмнө манай хуульд байгаагүй шинэ жишиг мөн. ШЕЗ-ийн болон Сахилгын хорооны гишүүнийг сонгох, сонгон шалгаруулж томилох, шүүгчийн шалгалт авах, сонгон шалгаруулж өргөн мэдүүлэх, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулах, шүүгчийн сахилгын зөрчлийг хянан шийдвэрлэх гэх мэт процесс хэзээ яаж хийгдэх, хэн ямар байдлаар оролцохыг нь нарийвчлан, дэлгэрэнгүй заасан. Үүнийг сайн хэрэгжүүлж чадвал эдгээр процессод зүй бусаар нөлөөлөх, дур зоргоор авирлахаас сэргийлж, зарчмаараа хандаж шийдвэрлэгддэг практик, жишиг тогтоно.

Гуравт, иргэдийн оролцоог хангах, ил тод байх зарчим энэ хуулийн бараг бүх хэсэгт шингэсэн. Жишээлбэл, ШЕЗ-ийн болон Сахилгын хорооны шүүгч бус гишүүд, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч дээр заавал нийтийн сонсгол хийнэ, мөн эдгээр нэр дэвшигчид болон шүүгчид нэр дэвшигч дээр иргэд санал, асуултаа илэрхийлэх өгөх боломжийг наад зах нь 14 хоногоор олгоно.

Дөрөвт, хариуцлага зайлшгүй байх зарчим суурь болж байна. Тухайлбал, шүүгчийн сахилгын зөрчлийг тодорхой, дэлгэрэнгүй заагаад түүнд тохирсон шийтгэлийн төрлийг олшруулж хөөн хэлэлцэх хугацааг нь сунгасан. Үүний зэрэгцээ ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны гишүүний хүлээх үүрэг, хориглох зүйл, огцруулах үндэслэл, журам урьд өмнө байгаагүйгээр нарийвчлан туссан. Тавд, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч болон бусад мэргэжлийн субъектуудын олон талын оролцоог тэнцвэртэй хангах. Жишээлбэл, ШЕЗ-ийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг сонгон шалгаруулах ажлыг тал талаас санал болгосон тэнцвэртэй бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг хийнэ. Зургаад, ШЕЗ-ийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг хэсэг бүлэг шүүгчид биш, нийт шүүгчид нууцаар саналаа хураалган шууд сонгоно. Шат шатны шүүгч бүр адилхан шүүн таслах ажил хийдэг тэнцүү эрх мэдэл, статустай, адил оролцоотой гэдгийг тухайн шүүхийн ерөнхий шүүгчийг сонгох, шүүхтэйгээ холбоотой гол асуудлыг зөвлөгөөнөөрөө шийдвэрлэх олон механизм туссан юм. Долоод, аливаа ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зохицуулах. Жишээлбэл, ШЕЗ, Сахилгын хорооны гишүүнээр ажиллаж байхдаа болон бүрэн эрх дуусгавар болсноос хойш нэг жилийн дотор шүүгчийн эсхүл ерөнхий шүүгчийн албан тушаалд нэр дэвшихийг хориглож байна. Өмнө нь, шүүгчид өөрсдөө ШЕЗ болон Шүүхийн мэргэшлийн хороонд ажиллаж байхдаа давж заалдах болон хяналтын шатны шүүхэд нэр дэвшээд томилогддог байсан, үүнийг хааж шүүгчийн сонгон шалгаруулалтыг шударга, тэгш явах баталгааг нэмж байгаа.

Мөн, ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн нь сүүлийн таван жил улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй байхаар зааж буй нь мэргэжлийн, хараат бус хүнээр бүрдүүлэхэд чухал хөшүүрэг. Наймд, мерит зарчмыг хангах. Шүүгчид тавих шаардлагыг өндөрсгөж заагаад зогсохгүй үүнийг яаж шалгах вэ гэдгийг маш нарийвчлан хуульчилж өгч байгаа. Өөрөөр хэлбэл, шүүгчид нэр дэвшигчээс хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт төдийгүй мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт авах, энэ 2 шалгалт тус бүрт тэнцэж нийлбэрээрээ хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах зохицуулалтууд орсон. Өмнө ярьсанчлан, ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнд өндөр шаардлага тавьж маш нарийн процессоор гаргаж ирнэ.

-Авилгын эсрэг хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд Авлигатай тэмцэх даргыг санал болгодог болж байгаа. Ингэснээр Засгийн газрын гишүүд авлига албан тушаалын хэрэгт холбогдлоо гэхэд хариуцлага хүлээх боломж үүсчих юм биш үү?

-Одоо Авилгын эсрэг хуулиар Ерөнхийлөгч авилга, албан тушаалын хэргийг мөрдөн шалгах чиг үүрэгтэй АТГ-ын дарга, дэд даргыг санал болгож УИХ томилдог, энэ мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг УИХ-тай зөвшилцөж Ерөнхийлөгч томилдог. Эдгээр хэргийг хянан шийдвэрлэх шүүхийг бүрдүүлэх, хариуцлага тооцоход Ерөнхийлөгч үлэмж нөлөөтэй. Энэ бүх төвлөрсөн эрх мэдэл уг тогтолцоог урвуулан ашиглах, улс төрийн өрсөлдөгчөө намнадаг хэрэгсэл болгоход хүрсэн гэж олон жишээ дурдан шүүмжилдэг нь оргүй биш ээ. Мөн, АТГ-ын дарга, дэд даргыг Ерөнхийлөгч санал болгож УИХ-аас томилсноор авлига буураагүй. Авилгын индексээр Монгол Дэлхийн 180 орноос 106-д жагсаж байна. Товчдоо, АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилдог болж буй нь дараах таван үндэслэлээр маш чухал шинэчлэл бөгөөд Үндсэн хуульд нийцнэ гэж харж байна.

Нэгд, АТГ-ын даргыг Засгийн газрын тэргүүн санал болгох нь Үндсэн хуулийн 38.2.7-д "гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх" гэсэн Засгийн газрын бүрэн эрхэд бүрнээ нийцнэ. Ерөнхийлөгч эсхүл УИХ-д ийм чиг үүргийг Үндсэн хуулиар өгөөгүй. Авилгатай тэмцэнэ гэж иргэдийн олонхын итгэлийн авсан УИХ дахь олонх нь ингэж амласан бодлогоо боловсруулж хэрэгжүүлүүлэх ажлыг өөрийн томилсон Ерөнхий сайдад хариуцуулдаг. Ерөнхий сайд гэмт хэрэгтэй тэмцэх ажлаа хийх боломжтой байж байж хариуцлагаа үүрнэ. Ерөнхий сайдын ямар ч оролцоогүйгээр АТГ-ын удирдлагыг бүрдүүлээд авилгатай тэмцэхийг Ерөнхий сайдаас шаардах нь үр нөлөөгүй гэдэг нь 15 жилийн туршлагаас нотлогдсон.

Хоёрт, Ерөнхий сайд АТГ-ын даргыг зүгээр нэг томилох бус, харин УИХ-д санал болгож, УИХ нээлттэй сонсгол хийсний үндсэн дээр томилж буй нь хүлээн зөвшөөрөгдөх хүнийг гаргаж ил тод байдлыг хангах механизм. АТГ-ын даргын албыг хаших мэргэшил, ёс зүйгүй хүн нээлттэй сонсголд орвол хэцүүднэ эсхүл УИХ дээр бүх булхай нь ил болж унана.

Гуравт, Үндсэн хуулийн 33.4-өөр Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгоогүй бүрэн эрхийг ердийн хуулиар нэмж өгөхийг 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хориглосон. Иймд АТГ-ын дарга, дэд даргыг Ерөнхийлөгч нэр дэвшүүлэх өмнөх хуулийн заалт Үндсэн хуультай зөрчилдөж байгааг засаж буй нь сайн хэрэг.

Дөрөвт, хяналт тэнцэл хангагдана. Авилгын хэргийг мөрдөн шалгах чиг үүрэгтэй бүтцийн удирдлагыг Ерөнхий сайд, УИХ нээлттэйгээр шийдвэрлэж байхад үүнд хяналт тавих прокурор, эцэслэн шийдвэрлэх шүүх нь Ерөнхий сайдаас хамааралгүй хэвээр байна. Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч ШЕЗ-н саналаар шүүгчийг, УИХ-тай зөвшилцөн Ерөнхий прокурорыг томилно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс өмнөх шиг авилгын хэргийг шалгадаг, хяналт тавьдаг, шүүн тасалдаг этгээдүүдийг бүгдийг бүрдүүлэхэд Ерөнхийлөгч хэт давамгайлдаг байдал нь шударга бусын хонгил үүсгэсэн, үүний жишээ ч олон. Энэ байдлыг засах талаар олон жил ярьж ирсэн л дээ. Тавд, засаглалын ямар хэлбэртэй байхаас үл хамааран гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг Засгийн газар буюу гүйцэтгэх эрх мэдэл хариуцдаг. Энэ жишгээр манай Үндсэн хууль авилгын зэрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг Засгийн газарт өгсөн ч 2006 оноос хойш АТГ-ыг Засгийн газраас тусдаа байгуулан гажуудуулсан.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 6 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 49 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 59 мин Номын хураангуй: The Power of the Other 15 цаг 23 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top