Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Морин хуур” наадмын шилдгүүдийн Гала тоглолт өнөөдөр Соёлын Төв Өргөөнд болно. Хөгжмийн зохиолч, дуучдын чансаагаа сорьдог “Морин хуур” наадмын 2018 оны шилдгүүдийг Гала тоглолт дээр тодруулах юм.
32 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Морин хуур” наадмын шилдэг бүтээлийг нийтийн, эстрадын, мэргэжлийн дуу гэсэн гурван төрлөөр шалгаруулах юм. Гурван шаттай явагдах уг наадамд оролцож буй чансаатай, мэргэжлийн түвшинд бичигдсэн бүтээлүүдээс чанар, хийц, агуулгаараа онцгойлон тодорсон бүтээлийг алдаршуулдаг билээ.
Энэ жилийн наадамд ид авьяас билгээ гэрэлтүүлж яваа залуу уран бүтээлчид болох Цэн.Эрдэнэбат, Ш.Өлзийбаяр, Г.Түвшинтөр нарын шинэ соргог бүтээлүүд хойморлох нь ээ.
Жил жилийн “Морин хуур” наадмаас үзэгч, сонсогч түмний зүрхэнд үүрд үлдэх бүтээл, дуучид, дууны яруу найраг төрсөөр байсныг дурдах ёстой билээ.
“Морин хуур” наадам нь 1987 оноос хойш олны хүртээл болж байгаа бөгөөд анхны эзнээр УГЗ, хөгжмийн зохиолч Ч.Сангидорж “Монгол далай” дуугаараа тодорч байжээ.