Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд "Менингококкт халдварын өнөөгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээ"-ний талаар танилцууллаа.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас энэ оны хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд менингококкт халдварын сэжигтэй найман тохиолдол бүртгэгдэж, гурав нь батлагдсан бөгөөд нэг хүн эндсэн байна. Ойрын хавьтлын 347 хүнийг хими сэргийлэлтэд 24 цагийн дотор хамруулж, хамар залгиурын үзлэг хийжээ. Үүний үр дүнд 45 хүнээс хамар залгиурын үрэвсэл илрүүлэн эмчилж, 78 хүний сорьцыг шинжилж эрсдэлгүй болохыг тогтоосон байна.
Менингококкт халдварын вакцин нь товлолын дархлаажуулалтад ороогүй бөгөөд 1994 оноос таван удаагийн нэмэлт дархлаажуулалт, 2001 оноос сайн дурын дархлаажуулалтыг эхлүүлсэн байна. Нэмэлт дархлаажуулалтад 2-18 насны хүүхдийг хамруулдаг ба хамралтын хувь 90-96 хувьтай байна.
Менингококкт халдвар нь дөрвөн төрлийн нянгаар үүсдэг, богино хугацаанд хүндэрдэг цочмог халдварт өвчин юм. Өвчний эхний шинж тэмдгүүд нь 38-42 хэм хүртэл халуурах, халууны эмэнд буухгүй байх, богино хугацаанд дахин өндөр халуурах, бие сулрах, дотор муухайрах, бөөлжих, цонхийх, уур уцаартай, хэт цочромтгой эсвэл ноомой болох зэрэг шинжээр илэрдэг. Цусархаг тууралт нь 12 цагийн дотор гарч, хүнд явцтай үед 4-6 цагийн дотор үхжилт тууралт үүсдэг.
Иймд менингококкийн эсрэг “Нимерикс” вакциныг Пфайзер компаниас худалдан авахаар ажиллаж байна гэж Эрүүл мэндийн сайд танилцууллаа.