Гандан тэгчинлэн хийдийн Сар шинийн хурал ном хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхнийх нь хуучин номын хурал, дараагийнх нь сар шинийн ерөөлийн хурал юм.
Сар шинийн өмнө хуучин номын хурлыг үйлдэж, сор залах, цэдэр ном хурах зэрэг тусгай зан үйлийг хийдэг уламжлалтай. Харин сар шинийн ерөөлийн хурал шинийн 1-нээс 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Энэ жилийн онцлог үйл ажиллагааны хүрээнд Монголын бурхан шашинтны төв Гандан тэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам, гэвш лхарамба Жавзандорж шинийн 8-ны өдөр олон нийтэд зориулан номын айлдвар айлдах аж.
Шинийн 8-ны номын айлдвар
- Бурхан багшийн цадиг намтар
- Насны авшиг хүртээх ёслол
Бурхан багшийн онцгой сургаал номлолыг шинийн 1-нээс 15-ны өдрүүдэд айлддаг уламжлалтай бөгөөд энэ үеэр буруу үзлийг няцааж, эргэлзээг арилгах ач холбогдолтой гэж үздэг. Насны авшиг хүртэх нь урт удаан наслахын үндэс гэж үздэг тул энэ уламжлалыг эртнээс сахиж ирсэн байна.
Мөн гуравдугаар сарын 16-нд Гандан тэгчинлэн хийдийн дэд хамба Гантөмөр Билгүүний зүрхэн судар номыг айлдаж, Бурхан багшийн хоосон чанарын сургаал номлолын чухал үзлийг тайлбарлах ажээ.
Эх сурвалж: Монголын бурхан шашинтны төв Гандан тэгчинлэн хийд.
Сэтгэгдэл (1)