Цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 500 гаруй хятад иргэдийг өчигдөр орой тагнуул цагдаагийн байгууллага хамтран баривчилсан билээ. Тэд "Амар", "Кентавр", "Юнион", "Ориентал" зэрэг дөрвөн зочид буудалд байрлаж байсан бөгөөд Баянзүрх дүүрэгт байрлах "Амар" зочид буудлаас 200 орчим, Баянгол дүүрэгт байрлах "Кентавр" зочид буудлаас 80 гаруй хятад иргэнийг баривчилжээ.
Тагнуулын байгууллагаас өгсөн мэдээллээр эдгээр иргэдийг гар утас, компьютер ашиглан цахимаар санхүүгийн луйвар хийсэн байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. Зочид буудлаас хятад иргэдийн ашиглаж байсан техник, төхөөрөмжүүдийг баримтжуулан хурааж авсан тухай өчигдөр орой мэдээлсэн.
Өнгөрсөн шөнө /29-30-нд шилжих/ тэднийг удирдан, зохион байгуулж байсан толгойлогчдыг Шангри-Ла зочид буудлаас баривчилсан байна. Хууль хяналтын байгууллагаас нийтдээ 750 гаруй хятад иргэнийг баривчилжээ.
Эдгээр хятад иргэд өмнө нь Камбож улсад энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэний улмаас албадан гаргуулж байсан тухай ч эх сурвалжууд мэдээлсэн байна.