УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрөгч лхагва гаригт Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг тус тусад нь дуудан уулзаж, Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д оруулсныхаа төлөө хариуцлага хүлээж, албан тушаалаа хүлээлгэн өгөхийг үүрэгдсэн талаар өмнө мэдээлсэн. Гэвч одоогоор Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй байна. Харин СЗХ-ны дарга С.Даваасүрэн өргөдлөө өгчээ.
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байгаа. Энэ үеэр Монгол Улс саарал жагсаалтад орсон тухай болон үүнтэй холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгчийн хариуцлагын асуудал дахин хөндөгдлөө.
Үүнд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:
-"УИХ-ын дарга аравдугаар сарын 23-нд надтай энэ асуудлаар уулзсан. Би санал бодлоо тодорхой хэлсэн. Албан тушаалтай зууралдаад байх хүн би биш. Саарал жагсаалтад орсон асуудалд хариуцлага хүлээхэд бэлэн. Манай улстай хамт гурван улс саарал жагсаалтад орсон. Нэгдүгээрт, Исланд. Скандинавын бүх орон, Европын холбооны маш олон орон тус улсыг саарал жагсаалтад оруулахгүйн төлөө тэмцэж ажилласан. Хоёрдугаарт, Пакистаныг саарал жагсаалтад үлдээх үү, хар жагсаалтад оруулах уу гэх асуудал яригдахад Пакистаныг цээжээрээ хамгаалсан олон орон байгаа.
Монголын асуудлыг ярихад хэн ч дуугараагүй. Үүнд том дүгнэлт гарч ирнэ. Цаана нь гадаад харилцааны тухай асуудал байна. Монголд хөрөнгө оруулсан компаниудын гомдол ч бас гарсан. Энэ бүгдийг нээлттэй ярьж болохгүй байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр эсвэл хаалттай хуралдаанд ярья" гэв.