УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр Монгол Улсын Иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцсэн билээ.
Төслийн 9-р зүйлд иргэний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх үндэслэлүүдийн талаар тусгасан байна. Тухайлбал, хуулийн төслийн 9.1.4-т "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлсэн шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрт заасан хугацаагаар" гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлнэ гэжээ.
Тус заалт нь УИХ-аар хэлэлцэгдэж буй Эрүүгийн багц хуулийн хүрээнд өргөн баригдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй уялдаж байгаа талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг хэлжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн 59.1-т "Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ зургаан сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих, цагаачлах эрхийг дараахь үндэслэлээр түдгэлзүүлж болно” гэсэн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харвал, Монгол Улсад өрх толгойлсон эцэг эхийн 2018 оны эцсээр 91,503 байжээ. Үүний 72,035 нь буюу 78.7 хувь буюу ойролцоогоор 80 хувь нь эмэгтэйчүүд.
Өрх толгойлж буй хүмүүс нь бэлэвсэрсэн, гэр бүл салсан, анхнаасаа гэр бүл болоогүй гэх мэт янз бүрийн шалтгаантай. Гэтэл, 72 мянган ээжийн өнөөдөр хэчнээн нь гэр бүл салсан болон огт гэрлээгүйгээр өрх толгойлж байгаа статистик тодорхойгүй байна. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас авсан мэдээллээр Монгол Улсад 11 мянга гаруй эцэг эсвэл эх шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдэдээ тэтгэмж олгож байна.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь дээрх хуулийн төслүүдийг дэмжиж, Байнгын хорооны дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтжээ.