МАН-ын дэргэдэх Нигмийн ардчр ээлжит Их хурлаа хийж, холбооныхоо шинэ тэргүүнийг сонголоо. Их хуралд оролцсон гилаүдийн 70 гаруй хувь нь УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг дэмжиж НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгосон байна.
Намын дүрмийн дагуу МАН-ын дарга У.Хүрэлсүх НАМЭХ-ны Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлжээ. Харин Сангийн дэд сайд Х.Булгантуяа заалнаас нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн ч боловч олонхийн дэмжлэг авч чадсангүй.
Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны ээлжит VII чуулган "Тогтвортой хөгжил-Тэгш оролцоо" сэдвийн хүрээнд өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо. Чуулганы үеэр тус холбооны ерөнхийлөгчөөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг сонгов.
Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ дахь МАН-ын бүлгийн эмэгтэй гишүүдийн төлөөлөл, Монголын 21 аймаг, нийслэл, дүүргийн НАМЭХ-ны салбар хорооны 400 гаруй төлөөлөгч оролцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх чуулганы үеэр хэлэхдээ, НАМЭХ-ны тэргүүнээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг дэвшүүлж, дэмжих саналаа илэрхийлсэн юм. Тэрбээр, "Намын даргад дүрмээр олгосон онцгой эрх нь намын дэргэдэх байгууллага, холбооны удирдлагыг нэр дэвшүүлэх байдаг. Тиймээс НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр хэнийг нэр дэвшүүлэхээ нэлээд бодож, хүмүүстэй санал бодлоо солилцсон. Намын дэргэдэх институц нь намын гаргаж байгаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, намын даргатай хамгийн ойр хамтран ажиллах шаардлагатай, хариуцлагатай албан тушаал юм. Энэ бүхнийг тунгаасны эцэст шийдвэрээ гаргасан" хэмээв.
Чуулганы үеэр, Сангийн дэд сайд Х.Булгантуяа мөн НАМЭХ-ны ерөнхийлөгчид заалнаас нэрээ дэвшүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг сонгохыг чуулганд оролцогчдын 75 хувь нь дэмжсэн байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн эмэгтэй гишүүдийн төлөөллийн байр суурийг чуулганы үеэр сонслоо. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, "Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог хангахад УИХ-д байгаа эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо чухал. Тиймээс намын даргын хувьд, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг бодлогоор НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр нэр дэвшүүлсэн. Миний хувьд энэ шийдвэрийг дэмжиж байна" гэв. Мөн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, "МАН-ын үе үеийн төлөөллөөс нэр дэвшиж байгаад баяртай байна. Намын даргын хувьд, бодлогоор нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд Д.Сарангэрэл сайдыг дэвшүүллээ. Нөгөө талаас, МАН бол дотоод ардчилалтай нам. Тиймээс хэн ч нэрээ дэвшүүлэх эрхтэй. НАМЭХ-ны залуу үеийн төлөөлөл болох Сангийн дэд сайд Х.Булгантуяа өөрийн нэрийг дэвшүүлсэн байна. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг харахад, хоёул дайчин, зоримог чанар харагдаж байна" хэмээв.
Чуулганаар, НАМЭХ-ны дүрмийн өөрчлөлтийг баталсан бөгөөд МАН-ын 26 дугаар их хурлаас хойших бодлого шийдвэр хэрэгжүүлэх үндсэн зорилготой, ач холбогдол бүхий хурал болж буйг намын удирдлага онцолсон юм.
НАМЭХ-г өнгөрсөн таван жилийн хугацаанд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа тэргүүлж байсан юм. Энэ хугацаанд тус холбооны гадаад харилцаа, хамтын ажиллагаа дээд хэмжээнд хөгжсөн гэдгийг тэрбээр онцолж байв. Тодруулбал, тус холбоо нь өдгөө дэлхийн 20 гаруй улстай хамтран ажиллаж байгаагаас БНХАУ, БНСУ, Европын хөгжингүй орнуудтай нягт хамтран ажиллаж байна. Түүнчлэн "Соц-Интернийн Азийн бүсийн хурал"-ыг Азидаа анх удаа Монгол Улсад зохион байгуулж, “Улаанбаатарын тунхаглал”-ыг гаргаж, Азийн бүсийн эмэгтэйчүүдийг уриалж ажилласан нь онцлон тэмдэглүүштэй үйл явдал болсныг төлөөлөгчид дурдаж байлаа. Мөн энэ хугацаанд НАМЭХ-оос манлайлагч эмэгтэйг бүх шатны сонгууль бэлтгэх, чадавхжуулах талаар үе шаттай ажил хэрэгжүүлсэн байна. Үр дүнд нь 2016 оны сонгуулиар УИХ-д 12 эмэгтэй гишүүн сонгогдож, аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан гэдгийг НАМЭХ-ны ажлын албанаас мэдээллээ.
Ташрамд дурдахад, НАМЭХ нь 1994 онд байгуулагдсан. Анх Д.Алтай даргатай “Эмэгтэйчүүд, хөгжил, хөдөлгөөн” нэртэйгээр байгуулж байсан бол 1998 онд II чуулганаа хуралдуулж, МАСЭХ /Монголын ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо/ нэртэй болсон. 2010 оны 10 дугаар сард МАН-ын 26 дугаар Их хурлын өмнө МАСЭХ-ны ээлжит IV дүгээр чуулган болж, шинэ бодлого, зорилгоо тодорхойлсон. Улмаар байгууллагынхаа нэрийг Нийгмийн ардчилал эмэгтэйчүүдийн холбоо болгон дахин өөрчилж, үндэсний хэмжээний эмэгтэйчүүдийн төрийн бус байгуулллага болон төлөвшсөн. 2011 оноос УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан. Харин 2014 оны 10 дугаар сард болсон ээлжит VI чуулганаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа Ерөнхийлөгчөөр сонгогдож, таван жил ажиллалаа.
МОНЦАМЭ