Хөдөлмөрийн үндэсний намаас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулах санал болон Ерөнхийлөгчийг үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандсан талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
ХҮН-ын дарга Б.Найдалаа:
-“Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) нь парламентийн ардчиллыг бэхжүүлэх зорилгоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж, албан ёсны байр сууриа тухай бүр илэрхийлсээр ирсэн.
Өнөөдрийн байдлаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар явуулахгүй, УИХ-ын чуулганаар хэлэлцэж батлах, ингэхдээ хоёрдугаар хэлэлцүүлгээр баталсан төслөө задалж зарим нэг саналыг нэмж, хасах байдлаар гуравдугаар хэлэлцүүлгээр батлахаар төлөвлөж байна.
Ийм нөхцөл байдал үүсэн тул ХҮНам Монгол Улсад парламентийн ардчиллыг бэхжүүлэхийн тулд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд дараах өөрчлөлт оруулах саналыг гаргаж байна. Үүнд,
- УИХ-ын сонгуулийг зөвхөн мажоритар бус хувь тэнцүүлсэн тогтолцоог оруулсан сонгуулийн холимог тогтолцоогоор явуулах
- Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүдээ томилдог, чөлөөлдөг байх, цаашлаад УИХ өөрт нь итгэл үзүүлээгүй тохиолдолд УИХ-ыг тараах эрхийг Ерөнхий сайдад өгөх
- Парламентын засаглалтай хөгжингүй орнуудын нийтлэг жишигт нийцүүлэн Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох
Бид монгол түмний 1990 онд хийсэн сонголт, 1992 онд үүнийгээ үндсэн хуулиараа баталгаажуулсан парламентын ардчиллыг бэхжүүлэхийн төлөө тууштай зогсож, үүний эсрэг санаатай болон санаандгүй байдлаар хийж байгаа аливаа үйлдэл, этгээдтэй хатуу тэмцэж, шаардагдах бүх арга хэмжээг авч ажиллахаа үүгээр мэдэгдэж байна” гэв.
Уг саналуудыг УИХ, Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажлын хэсгийнхэнд болон УИХ-ын дарга Занданшатарт албан бичгээр хүргүүлжээ.
Мөн ХҮН-ын зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулгыг өргөсөн тангаргаасаа няцсан, Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.
Энэ талаар “Үндсэн хуулийн цэцэд хандсан гомдлын дагуу маргаан үүсгэх эсэх шийдвэр нь 14 хоног байдгийг УИХ-ын тамгын газраас тодорхой баримт материалыг татаж авах шаардлагатай байгаа учир 30 хоног болгон сунгасан.
Бид энэ асуудлыг анхааралтай ажиглаж байгаа ба Ерөнхийлөгчийг тангаргаасаа няцсан эсэхийг тогтоолгохоор хууль ёсны бүх арга хэмжээг авч ажиллана.
Мөн одоогийн батлагдаад буй төсөлд орсон хортой хоёр заалт байна. Нэгт, улс төрийн намын гишүүнчлэлийг сонгуулийн насны иргэдийн нэг хувь байхаар зохицуулсан төслийн саналаа авах хэрэгтэй. Хоёрдугаарт, стратегийн ордын баялгийн дийлэнхийг нь ард түмэн хүртэнэ гэх зохицуулалтаа тодорхой болгох саналыг давхар оруулж байна" гэж хуульч Д.Үүрцайх хэлэв.
Сэтгэгдэл (1)