Боловсрол, шинжлэх ухааны яам алслагдсан хилийн дагуу байрлалтай сум, багуудад бага сургууль байгуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд үүний зэрэгцээ нийслэлийн хүн амын төвлөрөл ихтэй хорооллуудад бага сургууль байгуулах боломжийг судалж эхэлжээ.
Хотхон доторх бага сургуулийн тогтолцоог бий болгоно
Боловсролын сайд П.Наранбаяр үүнтэй холбоотойгоор:
"Өнөөдөр хүн амын төвлөрөл Улаанбаатар хотын орон сууцны хороолол, гэр хороололд хамгийн их байна. Иймээс эдгээр газарт бага сургууль байгуулж, 1-5 дугаар ангийн хүүхдүүдийг сургах нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна. Энэ нь хүүхдүүдийг зам хөндлөн гарах шаардлагагүйгээр, амьдарч буй орчиндоо суралцах боломжтой болгоно." гэж онцоллоо.
Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа
Хотхон, хороололд байгуулагдах бага сургуулиуд нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажиллах бөгөөд төрөөс хувьсах зардлаар дэмжлэг үзүүлж, эцэг эхчүүдэд төлбөрийн дарамт үүсгэхгүй байх зохицуулалт хийнэ.
Мөн сургуулиуд гаднах тоглоомын талбайгаа ашиглан биеийн тамирын сургалт явуулах, эцэг эхтэй нягт хамтран ажиллах шинэ бүтэцтэй байх юм.
Нийслэлийн түгжрэлийг бууруулна
Хотхон доторх бага сургуулийн тогтолцоо нь нийслэлийн түгжрэлийг бууруулах, хүүхдээ сургуульд хүргэх эцэг эхчүүдийн ачааллыг багасгах ач холбогдолтой. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд сургуулиуд өөр өөрийн онцлог бүхий сургалт явуулж, боловсролын чанарыг сайжруулах боломжтой гэж үзэж байна.
"Бид цэцэрлэгийн салбарт хувьсах зардлаар дэмжлэг үзүүлсэн шиг бага сургуулийн түншлэлийг дэмжиж, хамгийн сайн сургуулийг таны гэрийн ойролцоо байгуулах бодлого тууштай хэрэгжүүлнэ." гэж Боловсролын сайд мэдэгдэв.
Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам