Тайванийн Батлан хамгаалах яам Хятад болон Хятадын Коммунист Намд (ХКН) үнэнч гэдгээ илэрхийлсэн цэргийн албан хаагчдыг шийтгэх хуулийн төслийг танилцуулахаар төлөвлөж байгаа тухай "Taipei Times" сонин мэдээлжээ. Энэхүү шийдвэр нь Хятадын талд тагнуул хийсэн гэх хэрэгт холбогдсон цэргүүдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотой аж.
Шийтгэлийн хүрээ, хуулийн заалт
Хуулийн төсөлд зааснаар "үг, үйлдэл, мэдэгдэл, гэрэл зураг, дүрс бичлэг болон бусад аргаар" Хятад болон ХКН-д үнэнч байгаагаа илэрхийлсэн цэргийн алба хаагчдад нэгээс долоон жил хүртэл хорих ял оноох аж.
Тайванийн Үндэсний аюулгүй байдлын товчооны мэдээлснээр, 2023 онд Хятадын талд тагнуул хийсэн хэрэгт 48 хүн холбогдож байсан бол 2024 онд энэ тоо 64 болж нэмэгджээ. Эдгээрийн дунд чөлөөндөө гарсан болон идэвхтэй алба хааж буй цэргүүд түлхүү байгаа бөгөөд 2024 онд чөлөөндөө гарсан 15, үүрэг гүйцэтгэж буй 28 цэрэг ийм хэргээр шийтгэгдсэн байна.
Тагнуулын аргууд, урхидах үйл ажиллагаа
Тайванийн Батлан хамгаалах яамны тайлбарласнаар, Хятадын тал цэргийн алба хаагчдыг татан оролцуулахдаа мөнгө, мөрийтэй тоглоомоор урхидах, Хятадад үнэнч гэдгээ баталгаажуулсан баримт бичигт гарын үсэг зурах, үнэнч байдлаа илэрхийлсэн дүрс бичлэг хийхийг шаарддаг байна.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар ийм төрлийн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болж байна. Хууль эрхзүйн бүх процесс дууссаны дараа уг хуулийн төслийг Гүйцэтгэх юаньд өргөн барих аж.
Эх сурвалж: TASS, Taipei Times