Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский болон Саудын Арабын ханхүү Мохаммед бин Салман нар Даваа гарагт хэлэлцээ хийж, Украины аюулгүй байдлын баталгааны талаар голчлон ярилцсан талаар Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Дмитро Литвин мэдээлэв.
Зеленьский өөрийн X (хуучнаар Twitter) хуудсандаа, ханхүүтэй хийсэн ярианы чухал хэсэг нь ОХУ-тай энхийн хэлэлцээр байгуулах боломжит нөхцөл болон Украины хүсэж буй аюулгүй байдлын баталгаанд төвлөрсөн байсныг онцолсон байна.
Украины Ерөнхийлөгч өнөөдөр буюу мягмар гарагт болох Украины төлөөлөгчид болон АНУ-ын албаныхны хэлэлцээний өмнө Саудын Арабт хүрэлцэн ирсэн ч хэлэлцээнд өөрөө оролцохгүй бөгөөд Украины тал бодит үр дүн гарахыг хүлээж байгаагаа илэрхийлжээ.
АНУ Украины буултыг тодорхой болгохыг хүсэж байна
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мягмар гарагт болох хэлэлцээний өмнө мэдэгдэл хийхдээ, АНУ Украины зүгээс ОХУ-тай энхийн хэлэлцээр байгуулахын тулд ямар буулт хийх боломжтойг тодорхой мэдэхийг хүсэж байна гэжээ.
Тэрбээр "Бид үнэхээр тэдний энэ талаар ямар байр суурьтай байгааг болон энх тайванд хүрэхийн тулд юу хийхэд бэлэн байгааг тодорхой болгохыг хүсэж байна" гэж хэлсэн бөгөөд энэхүү хэлэлцээ цаашдын цэргийн тусламж болон тагнуулын мэдээлэл солилцооны асуудалд чухал нөлөө үзүүлэхийг онцолсон байна.
АНУ, Украины харилцааны хурцадмал байдал
Энэхүү хэлэлцээр Саудын Арабын Жедда хотод болж байгаа бөгөөд АНУ, Украины харилцаа хамгийн доод түвшинд хүрээд буй цаг үед болж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Дэд Ерөнхийлөгч Жей Ди Вэнс, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский нар Цагаан ордонд уулзалт хийсний дараа АНУ Киевтэй хийж буй цэргийн тусламж болон тагнуулын мэдээлэл солилцоог түр зогсоосноо зарласан. Үүний дараа ОХУ Украины эсрэг довтолгоогоо үргэлжлүүлсээр байгаа юм.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)