УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн М.Мандхай, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нар 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотод ажиллалаа.
Уулзалтын эхэнд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан парламентаас хэрэгжүүлж буй бодлого, энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлагдах хууль тогтоомжуудын талаар танилцуулсан байна. Тэрээр парламент 126 гишүүнтэй болж, таван нам, эвслийн төлөөлөл бүхий бүтэцтэй болсон нь эдийн засгийг тэлэх дөрвөн томоохон төслийг хөдөлгөх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцлов.
Эрх зүйн шинэчлэл, бүсчилсэн хөгжлийн бодлого
Тэрээр иж бүрэн зохицуулалттай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байгаагаа дурьдаад, өнөөдөр нийгмийн харилцааны 30 хувь нь хуулиар зохицуулагдаж, үлдсэн 70 хувь нь журмаар зохицуулагдаж байгаа байдлыг өөрчлөх зорилгоор 3000 гаруй журмыг шинэчлэн журамлах ажлыг хаврын чуулганаар хийхээр төлөвлөж буйг тэмдэглэв.
Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Хэнтий аймгийг аялал жуулчлалын гол тулгуур болгон хөгжүүлэх, мөн бүс нутгийн онцлогт тохируулан мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барих зэрэг ХАА-н салбарт хөрөнгө оруулалт хийх өргөн боломж байгааг онцолжээ.
Ахлах ангийн сурагчидтай хийсэн уулзалт
Чингис хотод ажиллах үеэрээ УИХ-ын дарга ахлах ангийн сурагчидтай уулзан ярилцлаа. Тэд ЭЕШ-ыг өргөтгөсөн хэлбэрээр авах хугацааг 2028 он хүртэл хойшлуулсан нь сурагчдад суурь мэдлэгээ бататгах, шалгалтдаа бэлдэх боломж олгосон гэж талархаж буйгаа илэрхийлэв.
Мөн сурагчдын зүгээс сургуулийн орчин, анги танхим, номын хүртээмж, дотуур байрны хүрэлцээ, ариун цэврийн байгууламжийн тав тух, нарийн мэргэжлийн багшийн дутагдал, интернэтийн хурд зэрэг асуудлыг хөндөн шийдвэрлэх хүсэлтээ илэрхийлсэн байна. Тус уулзалтад Чингис хотын таван сургуулийн ахлах ангийн сурагчид оролцжээ.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар