Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сарын 10-ны байдлаар Архангай, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дундговь аймгийн 12 суманд 15 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна.
Түймрийн нөхцөл байдал
- Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан,
- Хэнтий аймгийн Баян-Овоо суманд гарсан хээрийн түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа бол бусад суманд гарсан түймрийг зогсоожээ.
Түймрийн улмаас учирсан хохирол
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр мэдээлэхдээ:
"Өчигдөр гарсан түймрийн улмаас урьдчилсан байдлаар 170 мянга орчим га талбай шатсан бөгөөд дараах хохирол учирсан байна" гэжээ.
- 38 гэр, 4 чингэлэг, 4 автомашин, 2 мотоцикл, 48 хашаа саравч шатсан
- 3706 бог мал, 48 бод мал түймэрт өртсөн
- 3500 боодол өвс шатсан
Мөн Дундговь аймгийн Өндөршил, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд түймрийн дуудлага ирснийг амжилттай унтраасан байна.
Тусламжийн цуваа хөдөлж, нөхцөл байдлыг тогтоохоор ажлын хэсгүүд ажиллаж байна
Зүүн аймгуудад гарсан түймрийн хохирлыг барагдуулах, иргэдэд тусламж үзүүлэхээр хоёр ажлын хэсэг гарч, газар дээр нь ажиллаж байна. Түймэрт өртсөн иргэдэд улсын нөөцөөс гэр олгохоор шийдвэрлэжээ.
Өнөөдөр өглөө тусламжийн цуваа зүүн аймгуудын зүг хөдөлсөн бол түймрийн голомтод ажиллах албаныхан Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг зорих гэж байна.
Цаг агаарын нөхцөл байдал, үүлэнд зориудаар нөлөөлөх ажил
Цаг уурын байгууллагаас мэдээлснээр:
- Гуравдугаар сарын 11, 12-нд зүүн аймгуудад тодорхой хэмжээний хур тунадас орох төлөвтэй байна.
- Сүхбаатар аймгийн Асгат, Сүхбаатар, Баруун-Урт сумдад үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг эхлүүлсэн бөгөөд үр дүнд нь 0.3 мм хүртэлх нойтон цас оржээ.
- Үүнийг цаашид Эрдэнэцагаан, Сүхбаатар сумдад үргэлжлүүлэх аж.
Монгол орны хавар, намрын түймэр нь салхи, хуурайшилт ихтэй үед хурдан тархдаг онцлогтой тул иргэдийг анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ), Цаг уур, орчны шинжилгээний газар