Энэ онд эдийн засгийн хямрал нүүрлэж магадгүй байгаа тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэний дараа даваа гаргийн арилжаа дуусах үед Америкийн хөрөнгийн биржийн индексүүд унажээ.
Арилжааны мэдээллээс үзвэл, Dow Jones Industrial Average (DJIA) индекс 2.1 хувиар, S&P 500 индекс 2.7 хувиар тус тус унасан нь өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш хамгийн их хувиар буурчээ. Харин технологийн салбарын “Nasdaq” индекс 4 хувиар буурсан нь 2022 оны есдүгээр сараас хойших хамгийн тааруу үзүүлэлт болсон байна.
S&P 500 индекст багтдаг компаниудаас цахилгаан авто машин үйлдвэрлэгч Tesla (15 хувиар буурсан), чип үйлдвэрлэгч Microchip Technology (-11 хувь), мэдээлэлд дүн шинжилгээ хийх үйлчилгээ үзүүлэгч Palantir (-10 хувь) компаниудын хувьцаа хамгийн их хувиар унажээ.
Америкийн хөрөнгийн биржийн индексүүд Канад, Мексик, Хятадын бараанд ногдуулах татвартай холбоотой тодорхойгүй нөхцөл байдлын улмаас өнгөрсөн долоо хоногоос эхлэн буурч байна.
Fox News телевизэд ням гаригт ярилцлага өгөх үеэр нь татвар ногдуулсны улмаас АНУ-ын эдийн засгийн уналтад орж болзошгүй талаар асуухад Д.Трамп “бид өргөн хүрээнд арга хэмжээ авч байгаа учраас шилжилтийн үе байх магадлалтай” гэж хэлжээ.
Харин АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник ням гарагт NBC News сувагт өгсөн ярилцлагадаа "эдийн засгийн хямрал болохгүй" гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд гадаадын зарим барааны үнэ өсөж магадгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.