“Miss Universe Mongolia-2019” тэмцээнд 50 гаруй үзэсгэлэнтэй бүсгүйчүүд өрсөлдөж, сүүлийн шатанд шалгарсан 12 бүсгүйчүүл шилдгийн шилдгээ тодруулжээ. Дэлхийн 90 гаруй орны миссүүдтэй өрсөлдөж, 1.5 тэрбум үзэгчдийн өмнө эх орноо төлөөлөн “Miss Universe” тэмцээнд оролцох үндэсний ялагчаар Б.Гүнзаяа тодорч, хоёрдугаар байрт И.Төгсөө, гуравдугаарт Г.Дүүрэнжаргал нар шалгарсан байна.
Финальд үлдсэн 12 бүсгүй хоёр сарын хугацаанд зураг авалтад оролцож, өөрсдийн боловсруулсан төслөө танилцуулан, англи, монгол хэлээр ярилцлагын шалгалт өгч, үдшийн гоёл, усны хувцас зэрэг үзүүлбэрийг сонирхуулсан байна. Шүүгчдийн бүрэлдэхүүнд “Miss universe 2018” тэмцээний тэргүүн мисс Д.Долгион, топ модель Г.Уранцэцэг, загвар өмсөгч Э.Энхболд, жүжигчин А.Гэрэлцэцэг нар ажиллажээ.
Сонирхуулахад, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг “Miss Universe” тэмцээний эрхийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан ёсоор эзэмшдэг байна. Харин мисс Б.Гүнзаяагийн хувьд олон улсын загварын тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож ирсэн өсөх ирээдүйтэй загвар өмсөгч, мөн “Дэлхийн фото мисс”-ийн тэмцээний шүүгчээр ажилласан туршлагатай юм байна.