БНХАУ-ын "Хятад орныг танин мэдэх" соёлын өдрүүдийн хүрээнд энэ сарын 2-6-ны өдрүүдэд "Тэнгис", "Өргөө", "Гэгээнтэн", "iCinema" кино театруудын дэлгэцнээ үнэ төлбөргүй гарч буй 10 хятад киног танилцуулж байна.
1. Нүүдэлчин дэлхий УСК- "Тэнгис" кино театрт есдүгээр сарын 2-нд 19:00 цагаас, 6-нд 20:50 цагаас, "Өргөө" кино театрт есдүгээр сарын 3, 4-нд 20:00 цагаас, "iCinema" кино театрт есдүгээр сарын 5,6-нд 19:00 цагаас тус тус гарна.
Нар унтарч, дэлхий сөнөх аюул тулгарсан тул хүн төрөлхтөн нэгдэж дэлхийгээ өөр оддын аймаг руу нүүлгэх хүчит хөдөлгүүр зохион бүтээнэ. Нүүдлийн замд гэнэтийн саад гарч ирснээр тэд дэлхийгээ аврахын тулд амь өрссөн даалгавар биелүүлнэ.
2. Том загасны домог УСК- "Тэнгис" кино театрт есдүгээр сарын 2-нд 17:00 цагаас, 4-нд 16:00 цагаас, "iCinema" кино театрт есдүгээр сарын 4-нд 17:00 цагаас тус тус гарна.
Сансар огторгуйг хүн төрөлхтний дэлхийтэй холбосон гүн далайн хөлгүй ёроолд түмэн бодисын оршин байх хуулийг зохицуулж байдаг “Өөр төрөлтнүүд” буй. Тэрхүү нууцлаг ертөнцөд амьдардаг “Чунь” охин 16 насныхаа төрсөн өдрөөр далайн гахай болж хувиран далайн мандалд гарч ирээд загасны торонд орж хүмүүст баригдахын даваан дээр жирийн нэг хүү таарч амийг нь авраад, өөрөө гүн хөх далайд живэн харамсалтайгаар амиа алдав. Өөрөөс нь болж сайхан сэтгэлт хүү амиа алдсанд ихэд гэмшин харамссан охин эрхийн чинээхэн жаахан загас болж хувирсан хүүгийн сүнсэнд туслахаар шийдэн халим загаснаас ч том аварга загас болон хувираад далайд гарна.
3. Сармагчны хаан: Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл III УСК- "Тэнгис" кино театрт ес дүгээр сарын 3-нд 18:30 цагаас ганцхан удаа гарна.
Багш шавь дөрвүүл баруунд зорчин аялах замд Хохимой шулам Тансан ламыг булаахын тулд зальт арга сэтгэн урхи тавьсан байв. Овжин сэргэлэн, баатарлаг зоригт шавь Сун У Кун үүнийг мэдэн олон бэрхшээлийг даван байж урхийг эвдэн аюулаас гэтэлгэх боловч Тансан багш түүнийг буруу ойлгон өөрийг нь хороох гэлээ гэж бодон түүнийг хөөнө. Энэ байдлыг соргог ашиглан хөдөлж Хохимой шулам Тансан ламыг булаан одоход ад үзэгдэн хөөгдсөн шавь Сун У Кун нь гомдлоо тэвчин чин сэтгэлийг барьж шуламтай тэмцэн, номын багш Тансангийнхаа амийг авран, Хохимой шулмыг бүр мөсөн дарснаар багш шавийн үл ойлголцол арилж, хамтдаа аян замаа цааш үргэлжлүүлнэ.
4. Сүүдэр УСК- "iCinema" кино театрт есдүгээр сарын 2, 3-нд 19:00 цагаас, "Тэнгис" кино театрт есдүгээр сарын 3-нд 21:00 цагаас, 6-нд 18:30 цагаас тус тус гарна.
Дайн байлдаан эзлэн түрэмгийлэл тасардаггүй эртний самуун үеийн Пэй улс. Хаад ноёдын амь нас хэзээ л бол хэзээ үрэгдэж болох дээсэн дөрөөн дээр дэнжигнэдэг тул тэр үеийн хэргэм зэрэгтнүүд дунд өөртэйгөө царай зүс нуруу туруу ойролцоо хүнээр өөрийгөө орлуулан хүмүүсийн дунд байлгаж, өөрөө ард нь нууц байдлаар заавар чиглэл өгөн амьдрах арга ихэд дэлгэрээд байв. Энэ орлон тоглогчдыг "Сүүдэр" хэмээн нэрийддэг байжээ. Пэй улсын захирагч Зы Үй уг нь цэргийн их жанжин, эр зоригт нэгэн боловч урьд Пэй улсын харьяанд байсан Жэнжөү хотыг эргүүлэн авах тулаанд дайсны талын их жанжин Янцангийн алдарт илдэнд хүнд шархдан бие ихэд доройтсоноор жаахан байхаас нь тусгайлан бэлдсэн өөрийн Сүүдрийг гаргаж ирэн өөрөө нуугдахаас аргагүйд хүрнэ.
5. Чонон сүлд УСК- "Тэнгис", "Гэгээнтэн" кино театрт 2019.09.03-нд 16:00 цагаас тус тус гарна
1969 он. Залуухан илгээлтийн эзэн Чэн Жэн Өвөр Монголын малчин айлд хуваарилагдан ирэв. Суурин хэв маягт амьдралаас шууд нүүдэлчин ахуйд орсон залуу Монголчуудын соёл, онгон байгальд дасан зохицож амьдардаг гайхалтай өвөрмөц зан заншил, ахуй байдалтай танилцах явцдаа малчин ард болон байгалийн хуулийн энгийн хэрнээ нууцлаг зохицлыг хүндлэн биширнэ.
6. Томоожоогүй 28 нас УСК- "Тэнгис" кино театрт 2019.09.04-нд 21:00 цагаас ганцхан удаа гарна.
28 настай Лян Шяа бүсгүй 10 жил үерхсэн найз залуу Мао Лянтайгаа хөтлөлцөн хуримын танхимд хамтдаа орно гэдэгтээ туйлын итгэлтэй нэгэн байв. Хуриманд бэлдэн хөөрцөглөж, хосын амьдралын өөдрөг гэгээлэг мөрөөдөлд умбан байгаа Лян Шяа бүсгүйн сэтгэл хөдлөл сүйт залуу Мао Лянд нь харин дийлдэшгүй дарамт болж хувирна.
7. Баяжихын замнал УСК- "Тэнгис" кино театрт 2019.09.02-нд 22:00 цагаас ганцхан удаа гарна.
Хятадын алдарт жүжигчин Ван Шүэ Чи уг киноны гол дүр болох насаараа цэргийн албанд зүтгэж байгаад халагдан нутагтаа ирсэн хал цэрэг Яны дүрд тоглоно. Уг кино нь Хятадын төр засгаас орон даяар зарлан хэрэгжүүлсэн “Ядуусыг дэмжье” нэрт стратеги төлөвлөгөөгөөр үйл явдлын сууриа болгосон бүтээл бөгөөд Ян болон түүний гэр бүл, ах дүүс, найз нөхөд, эргэн тойрныхон нь хэдэн үе дамжсан ядуу тарчиг амьдралаас элбэг хангалуун, шинэ соёлт амьдрал уруу шилжих явц дахь үзэл бодлын болон амьдралын хэв маягийн өөрчлөлтийг сонирхолтой, зөрчилтэй, сургамжтай байдлаар дүрслэн үзүүлнэ.
8. Салхи хагалагч УСК- "Тэнгис" кино театрт 2019.09.05-нд 20:40 цагаас ганцхан удаа гарна.
Дугуйн уралдааны “Гялбаа” баг Солонгосын чадварлаг тамирчин Чон Жи Воныг багтаа аван гол довтлогчоо болгосноор түүнд замыг нь заан, чиглүүлэх үүрэг бүхий "Салхи хагалагч" гишүүний сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Өөртөө итгэлтэй, хөгжилтэй, зоригтой Чю Мин, буурьтай, бодлоготой, шулуун шударга Чю Тянь хэмээх хоёр залуу энэ сонгон шалгаруулалтад аргагүй чадал чадвараараа тэнцэн шалгарч “Гялбаа” баг ийнхүү шижигнэсэн залуусаас бүрдсэн чадварлаг баг болно.
9. Өмнөд туйлын хайр УСК- "Тэнгис" кино театрт есдүгээр сарын 4-нд 18:30 цагаас, 5-нд 16:00 цагаас, "Өргөө" кино театрт есдүгээр сарын 5, 6-нд 20:00 цагаас тус тус гарна.
Хуримын компанийн эзэн У Фүчунь, Огторгуйн физикч Жинь Ру Итэй учирна. Үг, үйлдэл нь огт таардаггүй хоёр залуу Өмнөд туйлын эзгүй мөсөн газар 75 өдөр амьдралын төлөө тэмцэнэ. Чөмөг ташим хүйтэн, хоол хүнс хязгаартай, эзгүй зэлүүд газар амьд үлдэх хүсэл тэдний цорын ганц зорилго болно. Судалгааны станц олж амь аврагдахын төлөөх эрэл хайгуулын явцад зан ааш тэнгэр газар шиг өөр, гэвч заяа тавилангийн эрхээр холбогдсон хоёр байгаль дэлхийг сүрдэн биширч, хайр дурлалыг ойлгон ухаарах ажээ.
10. Дүүлэн ниссэн он жилүүд УСК- "Тэнгис" кино театрт есдүгээр сарын 5-нд 18:30 цагаас, 6-нд 16:00 цагаас, "Гэгээнтэн", "iCinema" кино театруудад есдүгээр сарын 4-нд 19:00 цагаас тус тус гарна.
Алдар хүндийн оргилд гаран мандаж явсан авторалигийн тамирчин Жан Чи дүрэм зөрчин нийтийн гараашид уралдсанаар тэмцээнд орох эрхээ 5 жил хасуулан, нэр хүнд нь шалдаа бууж, гудамжинд хоол зарж амьдардаг нэгэн болов. Нэг өдөр тэр хэн нэгний машинд нь үлдээгээд явсан жаахан хүүхдийг асрах газар өгч чадалгүй авч үлдсэнээр эцгийн үүргийг биелүүлэх ажил давхар нэмэгдэнэ.