Энэхүү уралдаанд Монгол Улсаа төлөөлж эмэгтэй уран бүтээлчдийн “Хатан” хамтлаг амжилттай оролцож хоёрдугаар байр эзэлснээр Монгол Улсынхаа амжилтыг ахиулж чаджээ.
1997 онд зохиогдсон анхдугаар наадамд ардын жүжигчин Д.Лувсаншаравын ахалсан УАДБЧ-н уран бүтээлчид гуравдугаар байр эзэлж байсан нь манай улсын хамгийн том амжилт байв.
Харин наадмын нэгдүгээр байранд Азербайджаны уран бүтээлчид орсон бол Гранпри шагналыг Узбекистаны уран бүтээлчид хүртсэн байна.
Узбекистаны Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр жилд нэг удаа зохиогддог тус хөгжмийн наадам нь UNESCO-ын биет бус соёлын өвд бүртгэгдсэн дэлхийн томоохон хөгжмийн наадмуудын нэг юм.
"Хатан" хамтлаг 2013 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд тус хамтлаг нь шанз, морин хуур хөгжимчин Ж.Энхтуяа, хөөмэйч Π.Өсөхжаргал, шанз, ятга хөгжимчин Н.Уранчимэг, морин хуурч Н.Хулан, бүжигчин Ц.Ариунаа нарын бүрэлдэхүүнтэйгээр Монгол үндэстнийхээ ардын урлагийг Европын болон дэлхийн орнуудад танилцуулдаг юм.
Тус хамтлагийн уран бүтээлчид уран бүтээлээ өөрсдөө зохиож найруулдаг бөгөөд энэ удаагийн наадамд Хатан, Бөө, Говь, Бүсгүйн заяа бүтээлүүдээрээ оролцжээ.
Оногдсон 20 минутын хугацаанд Монгол хөгжмийн баялаг дуугаралт монгол ёс заншлаа таниулахыг зорьж уг бүтээлүүдээ бэлдсэн байна.
Жишээ нь Говь зохиолд ботгоо голсон ингэ хөөслөx, Бөө зохиолд бөөгийн уриа дуудлагыг харуулсанаас гадна хуур, шанз, ятгын гоцлол болон уртын дуу, хөөмий зэргийг багтаан харуулсан нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан байна.