Марвелийн супер баатруудын тухай өгүүлэх “Avengers: Endgame” кино орлогоороо түүхэн дээд амжилт тогтоож, Жэймс Камероны бүтээсэн “Аватор” киноны 10 жилийн амжилтыг давсан билээ.
Энэ оны дөрөвдүгээр сарын 26-нд нээлтээ хийж байсан уг бүтээл кинотеатруудаас олсон орлогын нийлбэр 13 долоо хоногийн дараа буюу энэ сарын 22-ны байдлаар $2.7902 тэрбум хүрсэн юм.
Харин "Avengers: Endgame" кинонд "Төмөр хүн" буюу Тони Старкын амьдарч байсан байшинг одооноос эхлэн Airbnb-гээр дамжуулан түрээслэх боломжтой болжээ. Хэрэв та санаж байвал тус кинонд Тони Старк ой модоор хүрээлэгдсэн нэгэн модон байшинд гэр бүлийнхээ хамтаар амьдарч буйгаар гардаг билээ.
"Avengers: Endgame" киноны зураг авалтад ашигласан энэхүү модон байшин нь Жоржия мужийн Атланта хотоос 30 минутын зайд байрладаг байна. Нуурын эрэг дээр баригдсан энэхүү байшин нь дотроо гурван унтлагын өрөө, гурван угаалгын өрөө, гал тогоотой бөгөөд дээд тал нь зургаан хүн амьдрах боломжтой гэнэ.
Airbnb-гийн вебсайтад дурдагдсанаар зочид модон байшинг хамгийн багадаа гурван хоногоор түрээслэх боломжтой бөгөөд хоногийн 800 ам.долларын үнэтэй аж.