ОХУ-ын соёл, урлагийн нийслэл гэгдэх Санкт-Петербург хотод зохион байгуулагдсан Монголын соёлын өдрүүдийн арга хэмжээнд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан манай улсын 70 орчим уран бүтээлч оролцоод ирлээ.
1939 оны Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан Монголын соёлын өдрүүдийн хүрээнд хоёр томоохон концерт, уран зургийн болон гэрэл зургийн дөрвөн үзэсгэлэн, “Петербург: Монгол судлалын ууган төв болох нь” эрдэм шинжилгээний бага хурал, гар бичмэлийн үзэсгэлэн зэрэг нийт соёлын 8 арга хэмжээ багтсан байна.
Санкт-Петербург хот жил бүрийн арваннэгдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины ивээл дор Олон улсын соёлын форумыг зохион байгуулж байна. Нөгөөтэйгүүр Монгол Улсын соёлтой холбоотой 8 мянга орчим үзмэр, 30 мянга орчим баримт бичиг Санкт-Петербург хотын музей, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд нь хадгалагдаж байна. Ийм учраас манай улс өөрийн соёлоо дэлхий нийтэд таниулахын тулд энэ хотын арга хэмжээнүүдэд оролцож, хамтран ажиллах нь ач холбогдолтой гэдгийг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр онцлов.
Манай төлөөлөгчид Санкт-Петербургийн Улсын их сургуулийн Дорно дахин судлалын дээд сургуулиар зочилж, тус сургуультай хамтран ажиллах талаар санал солилцсон байна. Монгол судлалын ажлыг улам нэмэгдүүлэх, монгол багш нарыг тус сургуульд ажиллуулах, суралцаж буй оюутны тоог нэмэгдүүлэх боломжоор хангах, судалгааны бүтээлүүд хамтарч хийх талаар талууд байр сууриа илэрхийлжээ. Мөн Санкт-Петербург дэх Эрмитаж музейн дэргэдэх Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгээс Чингис хааны хөшөөний хуулбарыг манай улсад өгөхөө илэрхийлсэн байна.
Соёлын өдрүүдийн нээлт алдарт “Каппела” театрт болж, Монгол Улсын морин хуурын чуулга анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оросын үзэгчдэд хүндэтгэлийн концертоороо бэлэг барьжээ. Концертод ОХУ-ын Мариинский театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар болон Үндэсний Урлагийн Их Театр, Дуурь, Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид оролцсон байна. Морин хуурын чуулгын тоглолтыг Оросын томоохон концерт зохион байгуулдаг байгууллагуудын төлөөлөгчид үзэж сонирхсон бөгөөд монголын морин хуур хөгжим дэлхийн сонгодог бүтээлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд тоглож буйг сайшаан, манай уран бүтээлчдэд баяр хүргэж, амжилт хүсчээ.
Соёлын өдрүүдийн хүрээнд Их Петр хааны нэрэмжит Антропологи, угсаатны зүйн музей Кунсткамерад Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гарсан бол эрдэмтэн, зураач Николай Константинович Рерихийн гэр музейд ХХ зууны эхэн үеийн монгол орон, монголчуудын тухай гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ. Мөн Петропавловскийн цайзад “Мөнх хөх тэнгэрийн орон” уран зургийн үзэсгэлэн нээгдсэн нь Оросын урлаг судлаач, монголч эрдэмтэд, үзэгчдийн талархлыг хүлээсэн юм.