Төгөлдөр хуурч С.Алимаа өнөөдөр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнууллаа. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат шагналыг гардуулан өгч баяр хүргэжээ.
С.Алимаа нь Дуурь, бүжгийн эрдмийн театр, Монгол Улсын Консерватори, “Oрчлон” олон улсын сургуулиудад 15 жил багшилж, соёл, урлагийн салбарт уран бүтээлээ туурвижээ.
Рымский-Корсакавын “Хэдгэний нисэлт”, З.Хангалын “Тань руу нүүж явна", Офенбахын ”Кан Кан”, Д.Лувсаншаравын “Маамуу нааш ир”, Б.Шаравын “Бөртэ” зэрэг зохиолыг төгөлдөр хуур хөгжмөөр тоглож, клипээ гаргаж олны танил болоод байгаа түүнийг хүмүүс "Ами" нэрээр нь сайн мэднэ. Мөн авьяаслаг хөгжимчин бүсгүй чамгүй сайн дуучин гэдгээ “Яг түүн шиг” шоунд оролцохдоо харуулсан билээ.
Мөн сонирхуулахад төгөлдөр хуурч С.Алимаа нь Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншаравын зээ охин юм.