Тайз, дэлгэцийн уран бүтээлд олон сайхан дүр бүтээсэн жүжигчин Б.Эрдэнэцэцэг шинэ уран бүтээлээ хийж эхэлжээ.
Тэрбээр гурван жилийн өмнө “Mоvie and Theatre” мэргэжлийн сургалтын төвийг нээж, өөрийн шавь нарыг бэлтгэж эхэлсэн юм. Одоо жүжигчин бүсгүй “Сити” их сургуульд багшилж байгаа билээ. Түүний оролцон бүтээсэн “Чононгоо фильм” продакшны анхны дэлгэцийн бүтээл “Ээж” уран сайхны кино үзэгчдэд хүрснээсээ хойш олон улсын 16 кино наадамд амжилттай оролцон есөн шагнал авчээ.
Энэ кино АНУ, Франц, Иран, ОХУ, БНХАУ, Бангладеш, Япон, Энэтхэг, Тайвань, Тайланд зэрэг оронд зохион байгуулсан олон улсын кино наадамд оролцсон бөгөөд, киноны гол дүрийг бүтээсэн, Ардын жүжигчин Д.Мэндбаяр ОХУ-ын кино наадмаас “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагнал, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг Монголын кино авардсаас “Шилдэг туслах эрэгтэй жүжигчин”-ий шагналыг хүртсэн юм.
Тэгвэл жүжигчин Б.Эрдэнэцэцэг энэ кино багтайгаа дахин шинэ уран бүтээлд хамтран ажиллахаар болсон байна.