'Aquaman' киноны од, жүжигчин Жейсон Момоа 2012 оноос хойш анх удаа сахлаа хусчээ.
Тэрээр өнгөрсөн лхагва гарагт Youtube хуудсандаа "Баяртай Дрого..." гэсэн нэртэй бичлэг оруулж, уг "цочирдом" үйл явдлыг фэнүүддээ дуулгасан байна. Тэрээр хамгийн сүүлд 2012 онд сахлаа хуссан гэжээ.
39 настай жүжигчин залуу энэ үйлдлээрээ хүмүүст байгаль орчиндоо ээлтэй байхыг сануулахыг хүссэн гэнэ. Момоа бичлэгийнхээ тайлбар дээр "Би сахлаа хусч байна. Учир нь өөрчлөлт хийх цаг ирсэн... миний, таны үр хүүхдэд сайн сайхан дэлхийг үлдээхийн тулд эх дэлхийдээ ээлтэй хандъя. Далай тэнгис, газраа цэвэрлэе" гэж бичжээ.
Момоа пластик хог хаягдал дэлхийг бохирдуулж байгааг бичлэгтээ дурдаад үүнээс сэргийлэх гол арга бол дахин боловсруулах, мөн пластик сав, баглаа боодлоос татгалзах юм гэжээ. Харин түүний шүтэн бишрэгчид сахалгүй Жейсон Момоагийн төрхөд ихэд цочирдож, энэ байдалтай эвлэрч чадахгүй байгаагаа цахим орчинд илэрхийлсэн байна.