HBO сувгийн Дэлхийн хамгийн алдартай цуврал болоод буй "Game of Thrones" киноны төгсгөлийн наймдугаар бүлгийн урьдчилсан нээлт өчигдөр Нью-Йорк хотод боллоо. Нээлтэнд 8-р бүлгийн эхний ангийг үзүүлж, энд цөөн тооны азтай хүмүүс л багтсан байна.
Тус цувралын урьдчилсан нээлтийг Нью-Йорк хотын Radio City Music Hall төвд зохион байгуулсан бөгөөд энэ арга хэмжээнд зориулан цувралын бүх гол дүрийн жүжигчид нэг дор цуглаж оролцжээ.
Дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчтэй алдарт телевизийн цувралын сүүлчийн бүлэг аравхан хоногийн дараа буюу энэ сарын 14-нд гарч эхэлнэ.
Харин урьдчилсан нээлтэнд оролцсон хүмүүст сануулга болгож тайзан дээр Арья, Санса нар гарч ирж үзэгчдээс "үзсэн зүйлсээ нууц болгон хадгалахыг" сануулж, ам алдсан тохиолдолд таныг "Чигчийгийн хувь тавилан хүлээж байгаа шүү" хэмээн хошигносон байна.
Тиймээс бид одоогоор ямар ч спойлер олж мэдэх боломжгүй бөгөөд цувралаа л хүлээх үлдлээ. Одоо тэгээд элдэв янзын таамгаар яахав, аравхан хоног хүлээгээд цувралаа эхлүүлцгээе. Тэртэй тэргүй биднийг цаана нь дахиад зургаан долоо хоногийн "тарчлаан" (наймдугаар бүлэг зургаан ангитай) хүлээж байгаа шүү дээ.