Жил бүрийн дөрөвдүгээр сарын 3-ныг Олон улсын уран бүтээлчдийн өдөр болгон зарласнаас хойш Монгол Улсад хоёр дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Маргааш болох уран бүтээлчдийн өдрийг тохиолдуулан “Корпрэйт конвэйшн центр”-т хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Арга хэмжээнд Монголын урлаг соёл, утга зохиолын салбар бүрийн шилдэг 500 уран бүтээлч болон ОХУ, Япон, Швед, БНХАУ зэрэг олон орны уран бүтээлч урилгаар оролцох аж.
Хүн төрөлхтөнд хэл яриагүй ойлголцдог нэгэн төрлийн дотоодын ойлголцол хэл байдаг. Тэр бол урлаг.
Нөгөөтэйгүүр бидний амьдралын алхам тутмыг цаашлаад энэ дэлхийг урлаг уран бүтээлчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Бидний сонсох аялах дуртай дуу, уран зураг, хөгжим, дуртай дүр, өмсөх хувцас бүгд хэн нэгэн уран бүтээлчийн бүтээл байдаг.
Монголд анх удаа ногоон хивсний ёслол болно
Уригдсан зочдыг улаан биш, ногоон хивсэн дээгүүр хүндэтгэн залж буй нь дэлхийн дулаарлын эсрэг урлаг соёлын нэрт төлөөлөгчид дуу хоолойгоо нэгтгэж нэн яаралтай арга хэмжээ авахыг олон нийтэд уриалж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл дэлхийн дулаарлын гол шалтгаан болсон хүлэмжийн хийг бууруулахын төлөө хүн нэг бүр ногоон байгалиа хайрлан хамгаалах алхам хийхийг уриалснаараа уран бүтээлчид эх дэлхийн төлөөх энхийн элч гэдгээ илэрхийлэх ажээ.
Дэлхий нийтэд мөн энэхүү шалтгаанаар улаан хивсний ёслолыг халж ногоон хивсний ёслол үйлдэх хандлага улам түгэн дэлгэрч байгаа юм.
Хүндэтгэлийн веган хүлээн авалт
Уригдан ирэх бүх зочдоо веган зоогоор дайлахаар зэхэж байгаа гэнэ. Олон үндэстний хоолоос бүрдэх энэхүү зоогийг Тайвань зэрэг гадаад улс орнуудаас уригдан ирсэн чадварлаг тогоочид хийх гэнэ. Веган зоог нь хүлэмжийн хийн гол эх сурвалж болдог махны хэрэглээг хязгаарлан эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ энэрэнгүй амьдралын хэв маяг буюу веган хэв маягт шилжих хамгийн том алхам юм.
Мөн даян дэлхийд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох ганц гарц нь амьтны ферм, мал аж ахуйн үйлдвэржилтээс гаралтай хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах явдал гэдгийг олон улсын эрдэмтэд хэдийнэ батлаад буй.
“Эх тэнгэрийн ивээл” хүндэтгэлийн тоглолтод Монголын сор болсон бүтээлүүд тоглогдоно. Ерөнхий найруулагчаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт С.Сүхбаатар ажиллаж байна. Мөн тус тоглолтод манай орны урлаг соёлын сор болсон уран бүтээлчдийн бүтээлийн дээжээс толилуулах юм.
Хүндэтгэлийн тоглолтод Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, Монгол Улсын Морин хуурын чуулгын 250 гаруй мэргэжлийн уран бүтээлчид оролцоно.
Олон улсын уран бүтээлчдийн өдрийн ерөнхий зохион байгуулагчаар “Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Олон улсын Нийгэмлэг”, хамтран зохион байгуулагчаар Монголын урлагийн ажилтны холбоо, Монгол Улсын филармони, Монголын театрын музей, Соён гэгээрүүлэгч телевиз, Монгол костюмс, Монгол Улсын морин хуурын чуулга, дэмжигч байгууллагаар Нийслэлийн соёл, урлагийн газар, Архангай аймгийн хөгжимт драмын театр, Монголын органик хүнсний холбоо хамтран ажиллаж байна.