Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны 3 дугаар сарын 25-27-ны хооронд манай улсад албан ёсны айлчлал хийлээ.
БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён-ы айлчлал өнөөдөр өндөрлөж нутаг буцлаа.
Тэрбээр айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхий сайдтай хэлэлцээ хийж, Монгол Улс, БНСУ хоёр улсын иргэд алсдаа харилцан визгүй зорчих асуудлыг судлан шийдвэрлэнэ гэдгээ амласан юм.
Мөн БНСУ-ын 300 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нэр бүхий 10 аймагт дулааны цахилгаан станц барих төслийг эрчимжүүлэх, 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Солонго-1”, “Солонго-2” орон сууцны хороолол барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцлоо.
Хэлэлцээрээс онцлон хүргэж байна.
- 10 аймагт 300 сая долларын буцалтгүй тусламжаар ДЦС-ийн ажил хийгдэж буйг яаравчлуулах.
- 500 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт Солонго 1, 2 хорооллыг барина, хороолол ашиглалтанд орсноор 1,500 айл түрээслэх боломжтой болох юм.
- Ирэх жил Стратегийн түншлэлийн харилцаагаа нэг шат ахиулахаар тохиролцов
- Эмч нарыг түлхүү мэргэшүүлэхээр тохиролцов
- Соёл урлаг, спортын уралдаан тэмцээнүүд ирэх жил буюу дипломат харилцаа тогтоосны 30 жилийг угтаж хийхээр болов
- Хоёр улсын Засгийн газар хоорондын IV хурлыг энэ оны эхний хагасд хуралдуулахаар тохиролцов
- Стратегийн түншлэлийн хүрээнд Визгүй зорчих асуудлыг судалж, шийдвэртэй ажиллахаа БНСУ-ын Ерөнхий сайд амлав