x

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2019 оны 03 дугаар 25-ны өдөр хуралдан зөвлөмж гаргаж, “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгасан байна. Учир нь “Үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг болох Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдал, нийгэм-төрийн аюулгүй байдал, иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдалтай холбоотой үүссэн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүх, прокурорын байгууллага, авлигатай тэмцэх байгууллага, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг эрүүгийн хэрэг мөрдөн шалгадаг, түүнийг хянадаг, шүүн шийдвэрлэдэг шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлага нь улс төр-эдийн засгийн бүлэглэлд харьяалагдсан, тэдний хууль бус үйл ажиллагааг хамгаалдаг хуйвалдааны тогтолцоо бүрджээ.

Хууль хяналт, шүүхийн байгууллагын удирдах албан тушаалтнууд өөрийг нь санал болгосон, томилсон албан тушаалтандаа үйлчилдэг, улс төрийн захиалгаар эрүүгийн хэрэг үүсгэдэг, улстөрчдөд үйлчилдэг бол уг байгууллагын гүйцэтгэх албан тушаалтнууд нь мэргэжлийн чадавхигүй, хууль дээдлэх биш, “дээрээс” ирсэн зааврыг биелүүлдэг, илэрхий гэмт хэргийг шийдвэрлэхгүй удаашруулж, саармагжуулах үйл ажиллагааг биелүүлэгч болжээ.

Хууль шүүхийн байгууллагын албан тушаалтнуудын ёс зүйгүй байдал хэрээс хэтэрч, хууль, шүүхийн байгууллагад итгэх ард түмний итгэлийг байхгүй болгож, улмаар Монгол төрийг нэр хүндгүй, улс орноо удирдах чадавхигүй болгож байна.

Төрийн албаны тухай хууль тогтоомжид хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа, хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаа албан хаагчийг ажлаас чөлөөлдөг, хариуцлага тооцдог тогтолцоо байгаа.

Гэтэл сүүлийн үед яригдаж байгаа хэргүүдийг илрүүлж, буруутай этгээдэд хариуцлага ногдуулж чадахгүй байгаа хууль шүүхийн байгууллагын удирдах албан тушаалтнууд өнөөдөр хараат бус байдал гэсэн хуулийн хамгаалалт дор хариуцлагаас нуугдаж байгаа нь цаашид Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд ноцтой аюул учруулах түвшинд хүрчээ” гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дүгнэсэн байна.

Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын язгуур ашиг сонирхлыг хамгаалж ажиллаж чадахгүй байгаа шүүх, хууль хяналтын байгууллагын удирдлагын үйл ажиллагааг үндэсний язгуур ашиг сонирхолд нийцүүлж, үндэсний аюулгүй байдалд учирч байгаа ноцтой эрсдэлийг арилгах зорилгоор холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж өргөн мэдүүлснийг Ерөнхийлөгч танилцуулгадаа дурдав.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд уг хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 хэсэгт “Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан” гэсэн агуулгатай 17.1.8 дахь заалтыг, мөн хуулийн 17 дугаар зүйлд “Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг Ажлын алба нь Шүүхийн ерөнхий зөвлөлд нэн даруй хүргүүлнэ” гэсэн агуулгатай 17.4 дэх хэсгийг, 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт “Түүнчлэн энэ тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан бол заавал хэлэлцэнэ” гэсэн агуулгатай 2 дахь өгүүлбэрийг тус тус нэмэхээр тусгажээ. Мөн Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд уг хуулийн 46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсэгт “Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан” гэсэн агуулгатай 46.6.4 дэх заалтыг, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд уг хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийг “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга гэмт хэрэгт холбогдсон, түүнчлэн энэ хуулийн 31.2-т заасны дагуу баривчлагдсан бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай санал, эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг Улсын Их Хуралд оруулсан бол уг саналыг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж өөрчлөн найруулахаар тусгасан байна. Түүнчлэн эдгээр хуулийн төслүүдийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр тусгажээ.

Мөн уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулсан юм.

 

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, С.Эрдэнэ, Т.Аюурсайхан, С.Чинзориг, Ж.Батзандан, Д.Хаянхярваа, Х.Болорчулуун, Д.Лүндээжанцан, Ц.Цогзолмаа, Х.Нямбаатар, М.Билэгт, Ө.Энхтүвшин, Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдорж нар Монгол Улсын Ерөнхийлөгч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Харин энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат эдгээр хуулийн төсөл нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж буй учраас Ардчилсан намаас мэдэгдэл гаргасныг дуулгаад хуралдааныг орхиж буйгаа мэдэгдсэн юм.  

Хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ш.Раднаасэд, Ж.Батзандан, Д.Оюунхорол, Н.Оюундарь, Ц.Нямдорж нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Үг хэлсэн гишүүд шударга ёсыг сахиж, хүний эрхийг дээдлэх тангараг өргөсөн хууль, шүүхийн байгууллагын ажилтнууд өргөсөн тангарагаа умартаж, улс төр, бизнесийн нөлөөнд автдаг, хүнийг эрүүдэн шүүж хэрэг тулган хүлээлгэдэг, томилсон болон томилгоонд нь оролцсон албан тушаалтнуудынхаа талд үйлчилдэг, олон нийтэд илэрхий хэргүүдийг түргэн шуурхай, шударгаар шийдэхгүй дарагдуулдаг, хамгаалж хаацайлдаг байдлыг таслан зогсоох үүднээс уг хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлж байгааг дэмжиж буйгаа илэрхийлж байв. Түүнчлэн асуудалд нухацтай хандаж, Үндсэн хуулийн зөрчилд орохгүйгээр асуудлыг хийгүй, алдаа мадаггүй шийдэх нь чухал болохыг онцолж байлаа. 

Ингээд Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 45 нь буюу 81.8 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 1 цаг 43 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 2 цаг 10 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 2 цаг 14 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 2 цаг 15 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 2 цаг 20 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 2 цаг 21 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 2 цаг 23 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 2 цаг 28 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 2 цаг 31 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 2 цаг 34 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 2 цаг 38 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2 цаг 39 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 2 цаг 40 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 2 цаг 45 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 7 цаг 56 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 8 цаг 9 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 8 цаг 11 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 8 цаг 12 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 8 цаг 12 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 8 цаг 14 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top