Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон дахь айлчлал амжилттай өндөрлөжээ. Айлчалын үеэр Ерөнхий сайд Монгол, Японы төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт, Монгол-Японы бизнес форумд тус тус оролцож үг хэлсэн байна. Япончууд манай ЖДҮХС-гийн шинэчлэлд хамтран ажиллахаар болсон гэнэ. Аргагүй л манай төрийнхөн дэлхийн чихийг “дэлхийтэл” хулгайлжээ. Япончууд хүртэл ичсэндээ “Сангийнхаа үйл ажиллагааг өөрчлөөч ээ” гэж гуйж байна шүү дээ.
Манайхан гадаадтай хамтрах, дэмжлэг хүсэх болохоороо мөнгө гуйгаад давхичихдаг зантай. Арай гэж орж ирсэн мөнгийг нь өөрсдөө компани байгуулаад, өөрсдөө төсөл бичээд хуваагаад авчихдаг. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөрөнгөний ч гэсэн тодорхой хувь нь гадаадын хандивлагчид, хөрөнгө оруулагчдаас орж ирдэг юм шүү дээ.
Тиймээс хэрвээ япончуудтай хамтарья гэж байгаа бол хөрөнгө мөнгө гуйхаасаа өмнө эхлээд үр дүнтэй, ашигтай менежментийг нь оруулж ирээсэй. Ялангуяа энэ Засгийн газрын тусгай сангууд дээр. Сан гэдэг чинь Монголоос бусад оронд байдаггүй юм биш. Байдаг болоод л анх энэ сангуудыг байгуулж, хууль дүрмийг нь гаргасан. Даанч яваандаа тэр нь нийгэмд үйл ажиллагаа явуулдаг нээлттэй сан биш, “хамаарал бүхий” компаниудаа санхүүжүүлдэг хаалттай сан болоод хувирчихсанаас биш. Тэр нь нарийсаад хуулийн аргаар хулгай хийдэг болсон.
Тиймээс УИХ, Засгийн газар ЖДҮ, 60 тэрбумтай хариуцлага тооцно гэж ярихаасаа илүү түүнийг бий болгоод байгаа хуулийн цоорхой, нүх сүвийг бөглөх, үйл ажиллагааг нь иргэдэд нээлттэй, ил тод явуулах талаар ярих ёстой. Хуулийн байгууллага хийх ёстой ажлаа хийг. Ганц ЖДҮХС ч биш, Засгийн газрын бүх сан, тэр дундаа Нийгмийн даатгалын сан байна.
Нийгмийн даатгалын санг төсвөөс салгая, даатгуулагчдын мөнгөөр төсвийн алдагдал нөхдгөө болъё гэж сүүлийн арав гаруй жил ярилаа. Одоо хэр нь бахь байдгаараа. “1965 оноос хойш төрсөн бүх хүмүүс тэтгэвэр авахгүй, нэрийн дансанд чинь нэг ч төгрөг байхгүй шүү. Гадаад орнуудад бол тэгдэг ингэдэг. Нийгмийн даатгалын мөнгийг банкинд баталгаатай хадгалуулдаг юм байна, үр ашигтай төслүүдэд хөрөнгө оруулдаг юм байна” гээд л арав гаруй жил ам ангайтал ярилаа. Тэгээд хийчихсэн нь хаана байна?
Хий дэмий ярихынхаа оронд тэр менежментийг нь л багтай нь оруулаад ир л дээ. Тэгэнгээ өөрсдөө ч гэсэн суралц. Манайхан чинь өөрсдөө ажил хийж чаддаггүйгээс гадна өрөөл бусдаар ажил хийлгэх дургүй хүмүүс. Хэрвээ эсрэгээрээ байсан бол Монгол Улс аль хэдийн суга, нуга хөгжчих хугацаа өнгөрлөө.
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (2)