УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийж байна. Тэрбээр эрх барьж байгаа МАН дотроо бүлэглэл болон хуваагдаж, эрх мэдэл, сандал ширээ булаацалдаж байх хооронд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал урд өмнө байгаагүй хэмжээнд хүрсэн хэмээн УИХ дахь АН-ын бүлэг эрх баригчдыг ажлаа хийхийг шаардлаа.
Ан-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Өр нэмж тавихгүй, өрийг өрөөр дарахгүй, өрнөөс салгана, мандуулна хөгжүүлнэ гэсэн эрх баригчдын тавьсан зээл хэрээс хэтэрлээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ярьдаг гурван ажилтай, гүйцэтгэл нэг ч байхгүй. Нэгт газрын тосны үйлдвэр байгуулж, шатахуунаа дотооддоо үйлдвэрлэнэ гээд их сайхан зүйл ярьж байна. Гэтэл үйлдвэрийн бүтээн байгуулалт ямар шатандаа яваа, хэзээ шатахуунаа үйлдвэрлэх гээд ил тод мэдээлэл ганц ч байхгүй. Мундаг бүтээн байгуулалт хийж байна гэсэн үлгэрийн яриатай.
Хоёрт шинэ цэвэрлэх байгууламж. Энэ асуудал мөн адил. Тендер нь будилаантай, ажил нь хэдэн хувьтай байгаа нь мэдэгдэхгүй бүдэг бадаг.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх шударга үнэний төлөө тэмцэж байгаа баатар мэтээр олон түмний сэтгэлд хоногших гэсэн ажлыг олон нийтийн сүлжээгээр шуудай шуудай мөнгөөр хийлгэж байна. Үүгээр чинь ард түмэн хооллож, ард түмэн хөгжих юм уу.
Өнгөрсөн хугацаанд ганц км зам ашиглалтад оруулсангүй, нэг ч бүтээн байгуулалт хийсэнгүй. 2018 оны хөрөнгө оруулалтын төсвийн гүйцэтгэл маш муу байна. 2017 оных мөн адил. Монгол Улсын төр байгаа бол нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд дүгнэлт хийх цаг болжээ.
Улаанбаатар хотын агаарын бохирдол хэрээс хэтэрлээ. ДЭМБ-аас зөвшөөрсөн хэмжээнээс хэтэрсэн бохирдлыг сануулж SOS гурав хоног дараалан дуугарлаа. Нийслэлд байгаа нэг сая гаруй хүн амын эрүүл мэнд, хүүхдийн өвчлөл хамаагүй юу. Ийм үед хотын даргын халаа сэлгээ ярьж сууна. Яасан цагаа олохгүй халаа сэлгээ хийдэг юм. Яагаад он гараад хийж болдоггүй юм. Өчнөөн зуун төгрөгөөр нэмчихээд ганц АИ 92-ыг ганц зуун төгрөгөөр буулгаж хэнийг хуурч байгаа юм бэ, ард түмнийг тайвшруулах, тархийг нь угаах гэсэн явуургүй аргаасаа татгалзвал яасан юм бэ, сандал суудлын асуудал дугаарлавал арван хэд дэх асуудал шүү дээ” гэлээ.
Сэтгэгдэл (6)