УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг огцруулах асуудлыг хэлэлцлээ.
Асуудлыг хэлэлцэх үеэр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас гишүүд асуулт асуув.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Яагаад танай ЗГ-ын гишүүд УИХ-ын чуулганы үйл ажиллагаанд оролцохгүй байна вэ Г.Занданшатар сайд аа?
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: УИХ-ын дарга УИХ-ын гишүүнийхээ хувиар Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурж болдогтой адил Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүнийхээ хувиар өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх эрхтэй.
УИХ-ын гишүүн М.Билэгт: Ц.Цогцолмаа сайдыг Я.Содбаатар сайдыг чөлөөлж, Ц.Цогзолмаа сайдыг огцруулж байна гэсэн. Я.Содбаатар сайд ёс зүйн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч уучлал гуйсан. Ц.Цогзолмаа сайд шударга ёсны талд байсан. Монголын төрийг ёс зүйн хариуцлага хүлээлгэдэг болгоё гэсэн хүнээ огцруулах гэж байна.
Засгийн газрын хэрэг эрхлэн газрын хуулийн мэргэжилтэн н.Өлзиийсайхан: БСШУС-ын сайд Ц.Цогцолмааг Засгийн газрын тухай хуулийн 17.3, 24.4 дэх хэсэгт заасныг үндэслэж огцруулж байгаа. Засгийн газар үйл ажиллагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. ЗГ-ын гишүүн шийдвэр мэдэгдэл хийхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална гэж заасан байдгыг баримталсан.
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: Я.Содбаатар биеийн эрүүл мэндийн улмаас албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Ц.Цогзолмаа сайдын хувьд Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан учраас эс үйлдлээрээ хамтран ажиллах боломжгүйгээ илэрхийлсэн гэж үзсэн.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Миний хувьд хариуцлагаа хүлээнэ гэдгээ илэрхийлсэн байсан. Гэхдээ Я.Содбаатартай адил өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөнө гэж надаар бичүүлж болох байсан. Би өөрөө шийдвэрээ гаргасан учраас ямар нэгэн байдлаар гоншигнох шаардлага надад байхгүй.
Гишүүд асуулт асууж хариултаа авсны дараа үг хэлэв.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Ц.Цогзолмаа сайд ажлаа тун үоригтой, бодлоготой хийж байсан юм. Харамсалтай байна. Бид нэн яаралтай давхар дээлээ тайлахгүй бол УИХ-д ажлаа тайлагнах ёстой Засгийн газар нь бойкотлоод байна.
УИХ-ын гишүүн А.Ундраа: Ц.Цогзолмаа сайд улстөрчийн хувьд зоримог шийдвэр гаргаж байр сууриндаа тууштай байгаад тань баярлаж байна.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: Ажлаа хийх бололцоогүй болох хүртэл таныг хэцү байдалд оруулсан. Боловсролын салбар гурван жилийн хугацаанд дөрвөн сайдын нүүр үзэж байна. Таныг сайдаар ажиллах хугацаанд энэ салбарт тодорхой ахиц дэвшил гарсан. Таныг ийм шийдэр гаргасанд би харамсаж байгаа.
Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа БСШУС-ын сайдыг огцруулахыг дэмжих эсэхээр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжив.
ikon.mn