Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг ажлаас нь чөлөөллөө.
Өнгөрөгч сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулахаар НИТХ-нд саналаа хүргүүлсэн ч НИТХ-ын 45 гишүүн уг асуудлаар санал хуваагдсан тул шийдвэр гаргаж чадахгүйд хүрээд байсан юм. Уг асуудлыг хэлэлцэхээр НИТХ-ын ээлжит бус хуралдааныг хоёр ч удаа зарласан боловч НИТХ дахь АН-ын бүлгээс тавьсан "Ерөнхий сайд өөрийн биеэр ирж үндэслэлээ танилцуулах ёстой" гэсэн шаардлагаас болж хуралдаан хоёронтаа хойшилсон билээ.
Гэвч МАН-ын дарга, Засгийн газрын тэргүүн өөрийн намаас томилогдсон Засаг даргатай хамтарч ажиллах хүсэлгүй байгаа нь нэгэнт тодорхой болсон тул хотын дарга арга буюу өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр өргөдлөө өгсөн хэрэг. Тэр өнгөрөгч сард Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн авч Нийслэлийн ирэх 2019 оны төсвийг баталсны дараа буюу энэ сарын 9-ний дотор ажлаа өгнө гэдгээ хэлсэн. Үүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх НИТХ-д явуулсан огцруулах саналаа буцаан татсан авч, өнгөрөгч долоо хоногт НИТХ нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэн баталсан тул өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Улаанбаатар хотын захирагч С.Батболд албан тушаалаасаа чөлөөлөгдөх үеэр НИТХ-ын гишүүдэд хандаж,
-Улс төрийн дээд түвшинд явагдаж байгаа тэмцэл НИТХ руу орох ёсгүй. Огцруулах бичгийн үндэслэл миний хийсэн ажилтай дүйцэхгүй байсан учраас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Хамтран зүтгэж байсан та бүхэндээ баярлалаа. Бид бүхэн маш том зорилтууд тавьж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө цаг наргүй ажиллаж байсан. Хамтран зүтгэгчид маань энэ ажлуудаа гүйцээнэ гэдэгт итгэлтэй байна. 2.6 жилийн хугацаанд хотын удирдлагын багийн бодлогыг ямагт дэмжиж, сайн муу санал шүүмжлэлээ харамгүй хэлж байсан нийслэлийн иргэддээ талархлаа. Нийслэл хот улс төржих талбар биш. Энд ажил буцалж, өрнөж байдаг газар учраас улстөрчийн хувьд шийдвэр гаргасан. Ирэх оны төсөв, үндсэн чиглэлийг НИТХ хуулийн хугацаанд баталсан учраас нийслэл хотод ганц хором, ганц өдөр ч ажил цалгардахгүй гэдэгт итгэж байна” гэсэн байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан болон нийслэлийн удирдлагын багийнхан хотын дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаатай холбогдуулан хүндэтгэл үзүүлжээ.