НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдөр жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдөр болдог. Энэ өдрийг угтан АТГ-аас өнгөрсөн 2 жилд хийсэн үйл ажиллагаанынхаа талаар мэдээллээ.
Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх АТГ-ын ажлын багууд 2016-2018 онд 21 аймаг, 140 орчим суманд нийт 3 удаа томилолтоор ажиллалаа.
Төрийн байгууллагын албан тушаалтны үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүй, төсөв, санхүү, худалдан авалт, нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын байдалд хяналт тавих, авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий Иргэний хяналтын зөвлөлийг яам, агентлаг болон орон нутгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд байгуулан ажиллуулж байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар төрийн байгууллагын 41 нэгжид 125 хүн иргэний хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Авлига гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн, зохиомлоор шат дамжлага, хүнд суртал бий болгосон, ашиг хонжоо олох, давуу байдал үүсгэхүйц гэж үзсэн 88 шийдвэрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүчингүй болгох саналыг холбогдох төрийн байгууллагуудад уламжилжээ. Өнөөдрийн байдлаар авлигын эрсдэл бүхий 50 шийдвэрийг хүчингүй болгож, хууль тогтоомжид нийцүүлж өөрчилсөн талаараа төрийн байгууллагууд хариу мэдэгдээд байна.
Төрийн бус байгууллага, судалгааны байгууллагатай хамтран 24 яам, агентлагийн авлигын эрсдэлийн үнэлгээг хийсэн бөгөөд 2019 онд иргэдийн бухимдлыг төрүүлдэг шүүх, эрүүл мэнд болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд үнэлгээ хийхээр төлөвлөж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авлигын талаарх төсөөллийн судалгааг анх удаа, Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгааг 10 дахь жилдээ хийж, судалгааны дүнг олон нийтэд мэдээлж танилцууллаа.
АТГ сүүлийн 2 жилийн хугацаанд нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн 15558 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд 60 гаруй иргэнийг тухайн нэр дэвшсэн албан тушаалд томилоход илт ашиг сонирхлын зөрчил үүсэх тухай хариуг хүргүүлж нийтийн албанд ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг томилуулахаас урьдчилан сэргийлсэн байна.
2018 оны 1 дүгээр улирлаас эхлэн хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг нийт 40000 албан тушаалтны мэдүүлгийг цахим мэдээллийн сүлжээнд байршуулж, олон нийтэд мэдээллээр хангаж байна.
Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлийн талаар АТГ-т мэдээлэх ухамсар улам бүр нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус газарт ирүүлж буй өргөдөл, гомдол, мэдээллийн тоо байнга өсч байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд 894 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан бөгөөд 825-ыг нь хянан шийдвэрлээд байна.
Авлигатай тэмцэх газар сүүлийн 2 жилийн хугацаанд хуульд заасан харьяаллын 1163 үйлдэлтэй, 1126 холбогдогчтой, 1040 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Өмнөх онуудтай харьцуулахад мөрдөн шалгасан хэрэг 628-өөр буюу 2.5 дахин, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 102-аар буюу 2 дахин, хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 344-өөр буюу 4.7 дахин өссөн үзүүлэлттэй байна.
2018 онд гэмт хэргийн улмаас 332.0 тэрбум төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 17.3 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Түүнчлэн оффшор бүсээс 4,4 сая ам долларыг оруулжээ.
Улсын ерөнхий прокурорын тушаалаар Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газартай хамтарсан ажлын хэсгээр Хөгжлийн банк, оффшор бүс, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хууль бус олголт, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийг хууль бусаар ашигласан, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар эзэмшсэн, Агаарын бохирдол, Стандарт банк, Оюутолгойн гэрээ, Монголбанкны зэрэг олон нийтийн анхаарал татсан эрүүгийн хэргүүдэд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
2017 онд шүүхээр нийт 46 эрүүгийн хэрэг шийдвэрлэж байсан бол 2018 оны эхний 11 сарын байдлаар нийт 84 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлээд байна.