УИХ-ын гишүүд Их хурлын дарга М.Энхболдыг огцрохыг шаардан Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Т.Аюурсайхан нарын гишүүд өнөө өглөө чуулганы танхимын өмнө сандалтай суулт хийсэн. Үргэлжлүүлэн чуулганы танхим руу орж индэрийн ард зогсоцгоосон юм.
Улмаар УИХ-ын дарга М.Энхболд өөрийг нь огцрохыг шаардсан таван гишүүнтэй өрөөндөө уулзалт хийсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Хаврын чуулганы завсарласан хугацаанд ээлжит бус чуулган зарлахыг удаа дараа шаардсан. Мөн 60 тэрбумын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийхийг шаардсан ч та хойшлуулсаар ирлээ. Таныг Үндсэн хууль зөрчиж байна гэж бид үзэж байна. УИХ тарах хэмжээнд хүрэх ийм нөхцөл байдал үүсээд байгаа. Тиймээс таныг ирэх даваа гариг буюу арванхоёрдугаар сарын 10-наас өмнө өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаасаа чөлөөлөгдөхийг шаардаж байна” гэлээ.
Харин УИХ-ын дарга М.Энхболд “60 тэрбумын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийх тухай УИХ-ын 19 гишүүн бичиг ирүүлсний дагуу Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Хууль зүйн байнгын хороо энэ асуудлаар нээлттэй сонсгол хийх эсэх талаар хуулийн байгууллагаас тодруулахад нээлттэй сонсгол хийх боломжгүй гэсэн. Би хувийн зүгээс энэ асуудлаар нээлттэй сонсгол хийхийг эсэргүүцээгүй. Ер нь 60 тэрбумын асуудлаар бид нээлттэй сонсгол хийгээд энэ асуудалд цэг тавих цаг болсон. Хэрэв УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь гарын үсэг зурсан бол ээлжит бус чуулган зарлах боломжтой байдаг. Гэтэл уг бичигт 22 гишүүн гарын үсэг зурсан байдаг. УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх цэцэд хандсан байгаа. Цэцийн шийдвэр гаргасны дараа асуудлыг би хуулийн дагуу хүлээж авахад бэлэн. Би өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гаргасан гэж бодохгүй байна. УИХ-ын даргыг огцруулах тухайд Үндсэн хуульд таван шаардлага байдаг. Энэ хуулийн зүйл заалтын дагуу бодитой асуудал үүсвэл би УИХ-ын даргаасаа огцроход бэлэн. Гол нь бүх зүйл хуулийн дагуу байх ёстой” гэлээ.