УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудлыг Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Д.Сумъяабазар танилцуулж, гишүүд асуулт тодруулга авч байгаа юм. Хуульд АМНАТ-ийн үйлчлэх хугацааг 5 жилээр сунгахаар тусгасан байна.
Энэ талаар Д.Сумъяабазар сайд “Нэг кг алт авахын тулд өөрийн өртөг нь өндөр. Хөрс хуулалт дунджаар 70 метр. Тэгэхээр өртгийг нь нарийн тооцож байж татварын хэмжээг гаргаж ирэх ёстой” гэв.
Харин Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал Н.Эрдэнэтуяа “АМНАТ-ыг Монголбанк сар бүрт татварын байгууллагад тайлагнаж байгаа. Хуулийн хугацаа сунгагдсанаар цааш үргэлжлээд явна. Монголбанк татвар төлөгч биш суутган авагч байгууллага. 2017 онд 50 орчим тэрбум төгрөг алтны татвараас орж ирсэн. Энэ онд эл тооноос давах төлөвтэй байгаа. Одоогийн байдлаар он гарсаар 20 тонн алт тушаагаад байна. Татвар төлөлтийн хувьд суутган авч төвлөрүүлдэг” гэлээ.