УИХ-ын гишүүд Их хурлын дарга М.Энхболдыг огцрохыг шаардан чуулганы танхимын үүдэнд суулт зарласан. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, нар УИХ-ын дарга М.Энхболдыг огцорсны дараа чуулганы хуралдаанд оролцоно гэж мэдэгдсэн юм.
Гишүүд чуулганы танхимын үүдэнд бичиг барьж суулт хийж байгаад удалгүй чуулганы танхим руу орж индэрийн ард зогсоцгоосон.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "М.Энхболд даргаа та наад гишүүдтэйгээ уулзаж ярилц л даа. Энэ хооронд Л.Энх-Амгалан гишүүн чуулганы үйл ажиллагааг үргэлжлүүлж байя. Та нар уулзаад ярилц. Аль аль талаасаа уян хатан хандацгаа л даа. Нэг талын 100 хувь буруу гэж байхгүй. Асуудлыг ойлголцож шийдэх сурах хэрэгтэй. Хоёр талаасаа чангаагаад байвал юу ч явахгүй" гэв.
Чуулганы хуралдаанд оролцож буй гишүүд Их хурлын даргыг гишүүдтэйгээ ярилцаж, ойлголцох нь зүйтэй гэсэн санал гаргаснаар М.Энхболд чуулганы танхимыг орхилоо.
Их хурлын дарга М.Энхболд өөрийг нь огцрохыг шаардсан таван гишүүнтэй өрөөндөө уулзаж байна. Уулзалтад сэтгүүлчдийг оруулаагүй зөвхөн зураглаач, зурагчдыг оруулсан байна.
Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдан явуулж байна.