УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Захиргааны ерөнхий хууль батлагдах нь маш зөв юм. Бид 2002 онд маргааныг шийдвэрлэх хуулийг гаргаж 2004 онд шүүхийг нь байгуулчихсан. Тиймээс Захиргааны ерөнхий хуулийг батлах нь зөв. Цэцийн дүгнэлтийг бүхэлд нь хүлээж авах нь зөв гэж байнгын хорооны хурал дээр дэмжсэн гишүүдийн нэг нь би. Бид дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авах нь зүйтэй. Хэсэгчилж болохгүй” гэсэн юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг гишүүдийн олонх нь дэмжлээ.
Үргэлжлүүлэн Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ.