Улстөрчид хуулийг хэрхэн ашигтайгаар эргүүлдэг вэ?
"Хууль дээдлэх ёс ба авлига" сэдэвт хэлэлцүүлэг МУИС-ийн номын санд боллоо. Өнөөдрийн хэлэлцүүлгийн гол "обьект" ЖДҮ-ийн зээл байсан гэж болно. Хуульч Д.Миеэгомбо "Хуульчийн нийгмийн хариуцлага", судлаач Х.Номингэрэл "Хууль дээдлэх ёс ба олон нийтийн илтгэл", хуульч О.Алтангэрэл "Ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх Үндсэн хуулийн боломж", хуульч Б.Мэргэн "Авлига, ашиг сонирхлын зөрчил ба УИХ-ын гишүүний ёс зүй", хуульч Сүнжид "Захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрхээ сэргээх боломж", хуульч Ж.Эрхэмбаатар "Албан тушаалтны хууль бус шийдвэрийн үр дагавар ба хариуцлага", сэтгүүлч Д.Батбаяр "Мэдээллийн ил тод байдал ба хэвлэл мэдээллийн эрх чөлөө", Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин "Авлига, ашиг сонирхлын зөрчил, хууль зүйн шинэчлэл" сэдвээр илтгэл тавьсан ч ишилсэн баримт болоод хайсан шийдэл нь "ЖДҮ-ийн зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудад хуулийн хүрээнд хэрхэн хариуцлага тооцох вэ?" гэдэг асуудал байлаа.
Х.Тэмүүжин: Албан тушаалтнууд нь буруу юм хийснээ ч ойлгохгүй байна
Хэлэлцүүлгийг нээж Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Монголд өмнө нь ийм олноороо зохион байгуулалттайгаар, татвар, банкны өндөр хүү төлөөд хүн болгоныг ажилтай орлоготой болох гэж байгаа дундаж ангийнхаа боломжийг хулгайлсан дуулиан гарлаа. Энэ дуулианаас болж нийгэмд шударга ёс байна уу, албан тушаалтнууд яагаад ийм үйлдэл гаргасан юм гэсэн шүүмжлэл өрнөлөө. Жирийн иргэдэд хууль хатуу чанга үйлчилдэг. Гэтэл албан тушаалтнууд нь буруу юм хийснээ ч ойлгохгүй байна. Олон нийт хуульд итгэх итгэл үгүй болж байна. Ингэснээр луйвар, хүчирхийлэл хүчээ олдог. Тиймээс хуульчид дотроо ярилцаад юу хийх, яаж дуугарах ёстой юм гэдэг талаар ярилцсан.
Үнэхээр хуулийг татаж авчраад ярихаас илүүтэй нэг нь нөгөөгөө намнах гэж байгаа юм шиг хэрүүл, тэмцэл болж, үндсэн сэдвээ мартдаг. Хуулийн өмнө хэн ч очсонгүй. Буруутай байж гэж хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Эсрэгээрээ хууль бус зүйл биш. Зөв зүйл гэсэн хандлага бий боллоо. Хуульчдын нэг зарчим байдаг. Шүүхийн өмнө очиход хэн нь түргэн шуурхай нотлогдож байгаагаас асуудлыг шийддэг. Улстөрчдийн том тэмцлээс илүүтэй хуульчид, нотлох баримт юу өгүүлж байгаа талаар нийгэмд дуу хоолойгоо хүргэх нь хэлэлцүүлгийн зорилго” гэлээ.
Д.Миеэгомбо: Төрийн албыг намын хавсрага байгууллага болгож, насыг нь богиносгож байна
Д.Миеэгомбо: Миний ярих зүйл нэлээд улстөржсөн агуулгатай сонсогдож магадгүй. Энэ үг бодлого гэж ярьдаг ч хэн нэгэн хүний өрөөл бусдыг шүүмжилж байгаа эсвэл хийж байгаа шийдвэрийг нь мушгин гуйвуулж буй агуулгаар ойлгогдох болтлоо доройтчихоод байна. Улс төр гэгч амаа авч давхидаг хазааргүй морийг юугаар хазаарлах вэ. Зөвхөн хуулиар хазаарлана. Монгол Улсад нэн шинэ түүхийн зурваст юу болоод өнгөрөв. 1990 онд ЗХУ-ын задралыг дагаад тэжээгч системээ алдсан. 1986 оноос ЗХУ-д үүссэн нийгмийн шилжилтийг монголчууд дагаж хөдөлсөн. Хамгийн эхний асуудал нь тэжээгч систем. Үүнээс яаж гарсан юм гэхээр Үндсэн хуулиа баталж, тайван замаар гарсан. Ардчиллын алтан хараацай гэх зэргээр. Үр дүн нь ардчилсан улс төрийн дэглэм, чөлөөт нийгмийн тогтолцоонд шилжсэн. Эдийн засагчдын үүрэг роль нь төрийн өмчийг хувьчлах, алт хөтөлбөрийг баталсан. Засгийн газрын анхны гаргаж байсан шийдвэр нь 1996 онд импортын татварыг тэглэсэн. Нийгэмд тодорхой хэмжээний сүүдрийн мөнгө бий болсон. Уул уурхайгаас хамаарсан орлогын өсөлт бий болсон. Популист амлалтыг улс төрийн намууд гаргаж ирж өөр хоорондоо өрсөлддөг болсон.
Нийгмийн баялгийг шударгаар хуваарилж, хүртэх ёстой хэсэгт нь хүртээж чадсан уу гэвэл үгүй. Үүний шалтгааныг хайх ёстой. Хайж ч байгаа. Системийн хямралаас үүдсэн гэдгийг Ерөнхийлөгч хэлсэн. Сонгууль болгоноор өөрийн амлалтыг гаргаж ирдэг зүйл бий болсон. Төрийн эрх барьж байсан улс төрийн намуудын үйл ажиллагаа явсаар байгаад баялгийг зөвхөн өөрсдөдөө хуваарилдаг, зохион байгуулдаг явцуу эрх ашгийг бүрдүүлсэн. Төрийн албыг намын хавсрага байгууллага болгож, насыг нь богиносгож байна. Шүүх эрх мэдлийг худалдан авч өөрсдийн явцуу эрх ашигт нийцүүлж байна.
Улс төрийн намын эрх зүйн орчныг шинэчлэнэ гээд зургаа долоон жил болж байна. МАХН-д гэхэд хоёр дарга солигдсон нь хамгийн сүүлийн жишээ. Улс төрийн намын дотоод маргаанд шүүх оролцохгүй гэсэн заалтыг 2005 онд хийсэн байдаг. Их өргөн дэлгэр эрх чөлөө өгсөн юм шиг харагдаж байгаа юм. Нөгөө талаас тус хуульд байгаа бүртгэлийн эрхүүд Улсын Дээд шүүхэд байгаа. Захиргааны юм уу, эрүүгийн, иргэний процесс шиг нарийн журамлагдсан зүйл байхгүй. Онцгой бүрэн эрх буюу дур зоргоороо ажиллана гэсэн үг. МАХН-ын даргаар О.Баасанхүүг томилсон хурал өнгөрсөн хавар болсон. Дээд шүүхэд бүртгүүлэх гээд өргөдлөө өгчихсөн байхад өрсөлдөгч болох Н.Энхбаяр дахиад хурал хийгээд өөрийгөө даргаар тавьсан. Дээд шүүхэд хүргүүлсэн. О.Баасанхүүгээс татгалзаад Н.Энхбаярыг томилсон. Үүний цаана улс төрийн тоглолт явж байгаа юм. Түүнийг удирдаж байгаа төрийн явцуу ашиг сонирхол байна. Эрүүл саруул улс төрийн намын тухай, тэндээс улс орны хөгжил, Үндсэн хуулийн зорилго, зорилтыг хүлээх боломжгүй болчихож байгаа юм.
Жишээ нь, Ерөнхийлөгчид Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулах эрх байхгүй. Гэвч ийм эрхийг хуулиар олж авснаараа өөрт давуу байдлыг бий болгосон. Үүнийг улстөрчид хязгаарлаж чадахгүй юм байна. Тиймээс нэгдүгээрт, хуульчид нэгдээд хуульд заасан арга хэрэглүүрээр нийгэмд болж бүтэхгүй байгаа асуудалд дөрөөлж эцсийг нь хүртэл шийдвэр гаргах төвшинд ажиллах ёстой. Хоёрдугаарт, эрх зүйн шинэтгэл хийх давалгааг эхлүүлэх цаг нь болсон байна. Одоогоор 700 гаруй хуулийг өөрчилсөн тухай тоо бий. Одоо бид хуулийнхаа дотоод агуулга, мөн чанар руу нэвтрэх шаардлагатай. Эрх зүйн бүлийг хооронд нь хольчихсон асуудлыг нь засах. Төрийг үүрэгжүүлэх, зарчмуудыг тодорхой болгох шинэтгэлийг гүнд нь хийх шаардлага байна. Асуудлыг төрийн хэмжээнд шийдвэр гаргах хүртэл хуульчид оролцох хэрэгтэй. Бид өөрсдөө идэвх санаачилгатай байж энэхүү шинэтгэлийг хийнэ.
Х.Номингэрэл: Төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдөө хуулийг дагаж мөрдөхгүй бол нийгмийн итгэл алдардаг
Х.Номингэрэл: Бидэнд хүчтэй гар хэрэгтэй байна гэдэг яриа бий болчихсон. Түүнийг тарааж байгаа хүмүүстэй ярилцахаар хүчтэй гар цэвэрлэнэ, цэгцлэнэ, хариуцлага тооцно гэдэг. Энэ бүгдийг хийхийн тулд мэдээж хуулиа хэрэгжүүлэх ёстой. Хууль өөрөө буруу бичигдсэнээс шалтгаалж хэрэгжихгүй байх тохиолдол бий. Нөгөөтэйгүүр, хэрэгжүүлэх, зохион байгуулалт, менежментийн алдаанаас үүддэг. Гэхдээ алдаагаа ойлгоод явбал засах боломжтой. Харин засахгүйгээр өөрт давуу байдал үүсгэдэг, гэнэн алдаатай хууль тогтоомж, хэрэгжилт гэхээсээ зориуд цоорхой гаргадаг жишээ ганцхан Монголд гэлтгүй авлигын хэмжээ нь их гаднын улсад байдаг.
Олон улсад ядуурлын гол шалтгаан авлига гэж үздэг. Дэлхий нийтэд маш олон тогтворгүй байдалтай улс орнууд бий. Гэхдээ манайх шиг хөгжиж байгаа улсын тогтворгүй байдлын гол шалтгаан нь авлига. Хуулийн хэрэгжилтэд төрийн оролцоо маш чухал. Үүнд иргэдийн сайн дурын оролцоо мөн чухал. Төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдөө хуулийг дагаж мөрдөхгүй бол нийгмийн итгэл алдардаг. Итгэл алдах тусам улс орны тогтворгүй байдал үүсдэг. Авлигыг илрүүлж чадахгүй. Илэрсэн ч ял шийтгэл ногдуулахгүй, ногдуулсан ч бага гэх зэргээр. ЖДҮ, концесс, бонд зэрэг улс төрийн энэ олон зөрчилдөөн хуулийн тогтолцоог юу биш болгох мэдээллийг хэвлэлээр дамжуулан өгч байна. Төр засаг авлигатай тэмцэх хүсэлгүй байна гэсэн мэдээлэл явах тусам түүнтэй тэмцэх хүсэл сонирхолгүй болгодог. Ийм чөтгөрийн тойрог ажиллаад байна гэсэн үг. Тэгэхээр иргэний нийгмийг чадавхжуулах, чөлөөт хэвлэлийг дэмжих хэрэгтэй. Чөтгөрийн тойргоос гарах алхмыг түрүүлж хийх ёстой. Гагцхүү хамтын ажиллагаа, зориг хэрэгтэй байна. Олон нийтийн итгэлийг сэргээхийн тулд хуульчид, сэтгүүлчид гарцаагүй хамтран ажиллах хэрэгтэй.
О.Алтангэрэл: Цэц дүгнэлтээ гаргаад ЖДҮ-д холбогдсон гишүүдийг эгүүлэн татвал түүхэн үйл явдал болно
О.Алтангэрэл: ЖДҮ-ийн асуудлаар Цэц рүү өргөдөл гаргасны маргааш нь таньдаг ах маань залгасан. Ахынхаа мууд дурлаж яах вэ гээд. Ямар ч байсан ЖДҮ-ийн мууд дурласан, дурлаж байгаа, ирээдүйн сайн сайхныхаа төлөө хүрэлцэн ирсэн та бүгдэд баярлалаа. Үндсэн хуулийн тусгай шүүх бол Цэц. Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрхтэй байгууллага. Цэц 1994 оны нэгдүгээр сарын 12-нд УИХ-ын гишүүн Ц.Төрмандахыг хууль зөрчсөн асуудлыг хэлэлцээд дүгнэлт гаргасан байдаг. Бидний нэрлэж заншсанаар “давхар дээл”-ийн асуудлаар. Дараа нь тухайн оны хоёрдугаар сард нь Ц.Элбэгдорж, Д.Ганболд, С.Зориг нартай холбоотой маргааныг хэлэлцээд Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргасан юм билээ. Д.Ганболд нь МҮАН-ын тэргүүн, С.Зориг Стратеги судлалын төв, Ц.Элбэгдорж нь МоАХ-ны дарга гэсэн албан тушаалтай байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн гомдол гаргасан байдаг.
Дараагийн томоохон жишээ нь, УИХ-ын дарга Ц.Нямдорж Авлигын эсрэг болон Ашигт малтмалын тухай хуулийн эцсийн найруулгыг УИХ-д танилцуулсны дараа засвар хийсэн тухай маргааныг хэлэлцсэн. Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гарсан. Өнөөдөр харахад ач холбогдолгүй хуулиуд байсан. Гэхдээ огцорсон. Гол нь бидэнд ингэж ажилладаг механизм нь байна. Тиймээс ЖДҮ-ээс зээл авсан нэр бүхий гишүүдийг Үндсэн хууль зөрчсөн эсэх, эгүүлэн татах үндэслэл байгаа асуудлаар мэдээлэл гаргасан. Урт хугацааны хөнгөлөлттэй зээлийг төрийн өндөр албан тушаалтнууд авсан нь олон нийтэд ил болсон, өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. УИХ-ын гишүүн ард түмний элч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах үүрэгтэй төрийн албан тушаалтан. Гэтэл өөрийн ашиг сонирхлыг иргэдийнхээс дээгүүр тавьж, өөрийн хамаарал бүхий этгээддээ санхүүгийн давуу байдал үүсгэсэн. Хэн ч харсан энэ бол санамсаргүй байдал биш. Төрд өргөнсөн тангарагаасаа няцсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна.
Энэ нь Монголын нийт иргэнийг төлөөлөл төрийг удирдах эрхтэй ард түмний элч, төлөөлөгч байж чадахгүй гэдгээ батлан харуулсан явдал юм. Арваннэгдүгээр сарын 12-нд өгсөн. 20 гаруй хоног өнгөрлөө. Одоогоор маргаан үүсгээгүй байна. Уг нь Цэцийн ямар гишүүнд хуваарилагдсан нь нээлттэй явж ирсэн. Гэвч Н.Жанцантай холбоотой асуудал үүссэнээс болж хэнд хуваарилагдсан тухай мэдээллийг өгөхөө больчихсон. Хэрвээ Цэц маргаан үүсгээд эгүүлэн татах тухай дүгнэлт гаргаад түүнийг нь УИХ хүлээж аваад биелүүлвэл түүхэн үйл явдал болно. Нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Цэцэд өргөдөл өгснөөс хойш тэдгээр гишүүний тоо нэмэгдсэн байна лээ. АН бүлэгтэй байх уу, бүлэггүй байна уу гэсэн асуудал яригдаж байхад УИХ-д дөрвөн бүлэг байгуулах хэмжээний гишүүн ЖДҮ-ээс зээл авсан талаарх мэдээлэл байна. Хууль зөрчсөн юм байхгүй. Энэ бол зүгээр зээл гэж байна лээ. Тийм биш. Энэ бол Үндсэн хуулийн зөрчил. УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох эцсийн боломж нь Цэц. Үндсэн хуулийн хүрээнд энэ шийдвэр зайлшгүй гарах ёстой.
Б.Мэргэн: Парламент өөрөө Цэцэд хандах асуудлыг шахаж ажиллах ёстой
Б.Мэргэн: УИХ-ын гишүүд ямар тохиолдолд авлигын гэмт хэрэг үйлдэхээс хориглосон заалтыг хуульд тодорхой тусгасан. Үүнийг зөрчөөд зээл авсан, хуульд өөрчлөлт оруулсныг нь харахаар эртнээс төлөвлөсөн нь харагдаж байгаа юм. 2016 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдсаны дараа ЖДҮ-ээс зээл авах харилцааг зохицуулах түр журмыг баталсан. 2016 ондоо багтааж 35 тэрбум төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. 2015 онд гэхэд жилийн турш 12.5 тэрбумыг олгосон байдаг. Гэтэл шинэ он гарахтай зэрэгцэж гаргасан журымн хүрээнд түүнээс гурав дахин их мөнгийг олгохоор болсон нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Банкаар дамжиж гаргадаг байсан зээлийг шууд сангийн эх үүсвэрээр гаргах журмыг нэмсэн. Сангийн эх үүсвэр нь зургаан эх үүсвэрээс бүрддэг. Тэр нь тусламж хандив, гаднын зээл, сангийн үйл ажиллагааны орлого, улсын төсөв, зээлийн төлөлт. Гэтэл дийлэнхийг нь улсын төсвөөс бүрдүүлдэг.
2015 онд 12.5 тэрбумыг гаргаж байсан сан 2018 онд 90 тэрбумыг гаргасан байна. Энэ тохиолдолд хариуцлага тооцох эрх бүхий албаны эрх нөлөөг урвуулан ашиглах заалт Эрүүгийн хуульд байсан ч байхгүй болгочихсон юм. Хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгосон нь хуулийн зөрчил мөн үү мөн. УИХ-ын гишүүн төрийн хуулийг дээдлэхээ тангарагладаг. Гэтэл түүнийгээ зөрчсөн тохиолдолд яах вэ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дэргэд Ёс зүйн дэд хороо ажилладаг. Дэд хорооны гишүүд нь санал гаргавал хэлэлцдэг. Бусад гишүүд мөн адил. Асуудал гаргасан гишүүн нь өөрөө санал гаргасан тохиолдолд бас хэлэлцдэг. Гэтэл эдгээр эрх нь хэрэгжихгүй байна. Тиймээс бидний зүгээс санал гаргасан. Сар гаруйн хугацаа өнгөрч байна. Уг нь сануулга өгөх, холбогдох байгууллагад шалгуулах, Дэгийн тухай хуулиар хэлэлцүүлэх санал Ёс зүйн дэд хорооноос гарах ёстой. Уг нь Ёс зүйн дэд хорооноос зөрчил гаргасан гишүүдийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Цэцэд хандах саналыг УИХ-ын чуулганд оруулах боломжтой. УИХ өөрөө хандах боломжтой гэсэн үг. Иргэн Цэцэд хандахаар асуудлыг удаадаг ч парламентаас өгсөн тохиолдолд хурдан хугацаанд шийдвэрлэх боломжтой. Тиймээс парламент өөрөө Цэцэд хандах асуудлыг шахаж ажиллах ёстой.
Ж.Эрхэмбаатар: Гуравхан хүний шийдвэрээр 200 хүн ажилгүй, орлогын эх үүсвэргүй болсон
Ж.Эрхэмбаатар: ЖДҮ-ийн зээлтэй холбоотой хууль бус шийдвэрийн улмаас эхлүүлж байгаа улстөрчдийн акц ямар үр дагаварт хүрч байгаа нь ядмаг байгаа. Хууль бус үр дагаврын улмаар ямар үр дагаварт хүрч болох вэ гэдгийг тоо баримтад тулгуурлаж яръя. 2014-2018 оны хооронд хууль бус шийдвэрийн улмаас 36.3 тэрбум төгрөгийн хохирлыг улсын төсвөөс барагдуулсан байна. Жилд дунджаар 7.3 тэрбумын хохирол учирдаг гэсэн үг. Үнийн дүнгийн цаана байгаа шүүхийн шийдвэрийг харахад харьцангуй тогтвортой байгаа юм. Дараагийнх нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан тоо. Захиргааны хэргийн шүүхэд жилд 2800 орчим нэхэмжлэл ирдэг юм билээ. Үүнээс 1780 орчмыг нь шийдвэрлэдэг. Нийт 60 орчим хувьд нь захиргааны албан тушаалтан хууль бус шийдвэр гаргасныг нь тогтоочихсон байгаа юм.
Төрийн алба тогтвортой ажиллах ёстой гэдгийг байнга хэлдэг. Үүнийг ЖДҮ-тэй холбож үзэхэд нотлох баримт байдаггүй. Байгаагаа мэддэггүй. Аль хуулийн этгээд нь зээл олгосон нь тодорхойгүй. Төрийн алба нь тогтворгүй явж ирснээс ийм асуудалтай тулгарсан. Төрийн албаны тогтворгүй байдлын сөрөг үр дагавар нь энэ.
Тэгэхээр сөрөг үр дагаврыг хэрхэн бууруулах вэ. Хариуцлагын тогтолцоог бий болгохын тулд урьдчилан сэргийлэх ёстой байдаг. Хариуцлагын төрлийг ангилж үзвэл ёс зүйн, улс төрийн, сахилгын, эрүүгийн, санхүүгийнх байна. 2016 оны сонгуулийн үр дүнгээр нэг яамны бүтцээс 200 төрийн албан хаагчийг халсан. Байгаль орчны яамнаас. Үүнд анализ хийхээр гуравхан хүний гарын үсгээр явсан байдаг. Гуравхан хүний шийдвэрээр 200 хүн ажилгүй, орлогын эх үүсвэргүй болж байгаа юм. Ажлаас үндэслэлгүй халагдсан гээд шүүхэд хандахаар сар бүрийн хохиролд 228 сая төгрөг төсвөөс гарч байна. Энэ мөнгө тэдгээр гурван хүнд ямар ч хамааралгүй.
Сэлэнгэ аймгийн Х сумын Засаг дарга захирамж гаргаж Ү компанийн газар тариалан эрхлэх зориулалтаар олгосон газрын гэрчилгээг хүчингүй болгосон. Компанийн зүгээс Захиргааны хэргийн шүүхэд хандсан. 3.7 тэрбумыг нэхэмжилсний 2.5 тэрбумыг нь хангачихсан. Төсвөөс олгочихсон. Засаг дарга давж заалдаагүй. Үүнээс үүдэж Засаг дарга давж заалдаагүй. Үүний цаана тухайн компанитай хуйвалдсан байх хардлага үүсч байна. Уг нь энэ тухай хуульд тодорхой заачихсан. Гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж. Үүнийг Үндэсний аудитын газар шалгах ёстой. Гэтэл бидэнд мэдэгдээгүй, өөрт учирсан хохирлоо өөрөө хөөцөлд гэсэн тайлбарыг ичих ч үгүй шүүхэд ирүүлсэн. Эндээс юу харагдаж байна гэхээр төрийн байгууллагын үйл ажиллагаа уялдаагүй, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай.
Д.Батбаяр: Зөвхөн программ хангамжийнх нь мэргэжилтэн олох байдлаар төрийн мэдээллийг нууж байна
Д.Батбаяр: Иргэдийн мэдээлэл олж авах эрхийг Үндсэн хуульд тодорхой заасан. Мэдээлэл нээлттэй, ил тод байх асуудлаар 1995 оноос хойш таван хууль баталсан байдаг. Мэдээллийн ил тод байх хуулийн хүрээнд төсвийн бүх байгууллагын мэдээллийг ил болгох учиртай. Та бидний халааснаас гарч байгаа болохоор. Хүүхдэдээ мөнгө өгчихөөд юунд зарцуулсныг нь эргээд асуудаг шиг. Уг нь Засгийн газрын тусгай сангуудын бүх мэдээлэл нээлттэй байх ёстой. ЖДҮ-тэй холбоотой мэдээллийг нэг нь гаргаж ирээд тийш нь хуйлрах, өөр нэг нь намайг гүтгэлээ гэсэн асуудал дээрх хууль хэрэгжсэн бол гарахгүй байсан. Долоо хоногийн хугацаанд мэдээллээ байршуулах ёстой гэсэн хуулийн заалттай. Хөдөө аж ахуйн яамны харьяа Мал хамгаалах сангийн мэдээллийн байдлаар жишээ татъя. Сангийн эрхэм зорилго, үндсэн үүрэг гэсэн гоё үгтэй мэдээлэл байна. Өөр мэдээлэл байхгүй. Тухайн сангаас гаргасан тогтоол журам, сайдын шийдвэр нь дэс дараагаар ордоггүй. Ямар тогтоолын хүрээнд хэнд хэдэн төгрөг олгосныг нь мэдэх боломжгүй. Бүр нуучихсан. Зөвхөн программ хангамжийнх нь мэргэжилтэн олох байдлаар. Мал хамгаалах сангаас өнгөрсөн жил 40 тэрбум төгрөгийг тараасан. Тэр тухай мэдээллийг ил тод байршуулаагүй.
Араас нь бөөн ажил болж хөөцөлдөөд олж авахаар Үндэсний статистикийн газрын мэдээлэл байдаг. Үүгээрээ хуулиа зөрчиж байгаа юм. Хуулийн 14 дүгээр зүйлд гомдол гаргах эрхтэй байдаг.
newspress.mn
Сэтгэгдэл (2)