Олон улсын олимпийн хорооны тэргүүн Томас Бах 2020 оны олимпоос боксыг хасах бодолгүй байгаагаа мэдэгджээ. Гэхдээ тус холбооны шинэ Ерөнхийлөгч Гафур Рахимовын эрхийг хязгаарлах бодлого баримтлана гэж зарласан байна.
Томас Бах "2020 оны Токиогийн олимпийн хөтөлбөрт боксын төрөл багтах боловч AIBA-гийн үндсэн үүргийг хязгаарлах, олон улсын олимпийн хорооны бодлогын хүрээнд явагдах боломжтой" гэж мэдэгджээ.
Олимпийн хорооноос AIBA-д хяналт, шалгалт хийхээр шийдсэн бөгөөд энэ үеэр одоогийн холбооны удирдлагуудаас ямар нэг санхүүгийн хэрэг илэрвэл холбооны эрхийг нь шууд хасч, оронд нь өөр холбоо байгуулах, эсвэл өөр боксын холбоонд эрхийг нь өгөх замаар асуудлыг шийдвэрлэх бололтой.
Тодруулбал, Узбекистаны иргэн Гафур Рахимовыг АНУ-ын Төрийн сангийн яам гэмт хэрэгтний тоонд орсон учраас эрх нь хязгаарлагдмал байгаа нь Олон улсын олимпийн хороонд хүндрэл учруулж буй. Түүнийг зарим улс орнуудад зорчих боломжгүй, AIBA холбоо нь Швейцарьт данс нээж чадахгүй байгаа нь Томас Бахын санааг зовоож байгаа юм.

Мөн Японы боксын холбоо Г.Рахимовыг ерөнхийлөгчөөр сонгогдсон өдрөөс хойш “Токио 2020” олимпийн наадмын хөтөлбөрт боскыг хэвээр нь үлдээх хүсэлтэй байгаагаа Томас Бахт илэрхийлсэн юм.