УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар өнөөдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгсөн байна.Тэр ЖДҮХС-гаас зээл авсан нь ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж, хариуцлага хүлээхээр сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмааг албан тушаалаас нь огцруулахаар шийдвэрлэжээ. Түүнийг Засгийн газрын тухай хуульд заасан "Засгийн газар танхимын зарчмаар ажиллана", "Засгийн газрын гишүүн аливаа асуудлаар мэдээлэл гаргахдаа Ерөнхий сайдын байр суурийг баримтална" гэснийг зөрчсөн хэмээн үзэж Засгийн газрын тухай хуулийн 23.1.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд Ерөнхий сайд огцруулах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна.
Ц.Цогзолмаа нь өнгөрөгч арваннэгдүгээр сарын 21-нд УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн барьсан Засгийн газрыг огцруулах шаардлагад гарын үсэг зурсан тул өнөөдөр ийнхүү танхимынхаа тэргүүнээр "тойрохоо" зурууллаа. Хоёр сайдын асуудлаар Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх юм байна.
Сэтгэгдэл (1)